Дуучин Самандын Жавхлан "Хамаг Монгол" төсөл санаачилж хэрэгжүүлснийхээ төлөө Чингис хааны одонгоор шагнуулах болзол хангачихсан нэгэн. 

Чингис хааны одонг манай урлагийнхнаас дэлхийн хэмжээний бүтээл туурвисных нь төлөө хөгжмийн зохиолч Б.Шарав, Монгол улсад дуурийн урлаг ямар хүчтэй хөгжсөнийг дэлхийд таниулсных нь төлөө дуучин Г.Ариунбаатар, монгол рок урсгалыг дэлхийд түгээж улс орноо сурталчилсных нь төлөө The Hu хамтлагт өмнө нь олгосон. Монгол төрийн энэ нэр хүндтэй шагналыг олгох үндэслэл нь “тухайн шагналын эзэн улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулсан нэгэн" байхад оршдог. Дуучин С.Жавхлан уран бүтээлээрээ монголчуудын сэтгэлийг хөглөж, “Хамаг Монгол” төслөөрөө монголын түүх, соёлын уламжлалыг түгээн дэлгэрүүлж, улс орныхоо тусгаар тогтнолын төлөө ухамсарт амьдралаа зориулж явна. 

 

Ая дуугаараа монгол сэрэхүйг хөглөж, сэтгэл зүрхээрээ монгол соёлоо хамгаалагч Самандын Жавхлан аль ч утгаараа Чингис хааны одон  хүртэх гавьяатай.  

 

Түүний санаачилж хэрэгжүүлсэн  “Хамаг Монгол” төсөл үргэлжлэхээр болжээ. Нэвтрүүлгийг нь тогтож үзлээ. Үзэл бодлыг нь сонслоо. Байр суурийг нь сонирхлоо. “Монгол хүний зовлонд нарт дэлхий цадсан. Бид эвлэлдэн нэгдэж эх дэлхийгээ хураах цаг эхэлсэн”  гэдэг үгийг нь хэсэгтээ өөлж ноолох байх. Зэвсэг агсаж дэлхийг хураах тухай энд яриагүй, оюун санааны манлайллын асуудлыг хөндлөө хэмээн ойлгож байна.  Дэлхийн ард түмэн болгоны ёс заншил, өв соёл, шашин шүтлэгийг  хүндэтгэн үзэж, ертөнцийн зүй тогтол, жамд нийцсэн нэгдмэл шударга хуулийн дор амар тайван орших тухай  ёс(ёс суртахуун)-ыг дээдэлсэн номлолыг аль тэртээ XIII зуунд бий болгон хэрэгжүүлж,  Монголын их амар амгаланг бүтээсэн монголчууд оюун санаагаараа, ертөнцийг үзэх үзлээрээ дэлхийд манлайлах цаг эхэлсэн гэдгийг тэрбээр дээрх үгээрээ тунхаглалаа. Энэ бол маш том үзэл санаа.  Тэртээх дундад зууны  үед даяарын асуудлыг дайн байлдаан, хүчирхийллээр шийдэхээс өөр аргагүй байсан ч Чингис хаан тэргүүтэй монголчуудын хамгийн том гавьяа нь дэлхий даяараа шударга, ёс суртахууныг эрхэмлэсэн, бусдын соёлыг хүндэтгэсэн нэгтмэл хэв хуулийн дор аж төрөх аваас даяарын амар амгалан ирнэ гэдгийг хүн төрөлхтөнд харуулж чадсанд оршдогийг орон орны олон эрдэмтэн цохон тэмдэглэсээр ирсэн дээ.

 

Чингис хааны үр хойчсынх нь ихэрхэл бардамнал, өвгөдийн сургаалыг  умартаж өөрийгөө тоосон хийрхэл,  эрх мэдлийн төлөөх дотоод тэмцлийн улмаас суларч, задарч бутарч, газар нутгаа хэрчүүлж тасдуулж, хувь заяаны эрхээр холдон ондоошсон монгол туургатнуудад маань язгуур соёлын өв, үлдэц нэн их. “Хамаг Монгол” төсөл бол тэдгээрийг урлаг соёлоор дамжуулан сэрээж сэргээх, хаана хэнд ямар соёлын өв, шилдэг бүтээл өвлөгдөн үлдэв гэдгийг  олж мэдэх, харилцан суралцах санаачлага байв. 

 

“Хамаг Монгол-2”  төсөл эхлүүлж байгаатай холбоотойгоор олон нийтэд түгээсэн нэвтрүүлэгтээ Самандын Жавхлан  Монгол Улсын хүн ам зүй, удмын сангийн бодлогыг “Яс цусны тусгаар тогтнол” гэдэг үгээр илэрхийлж, монголчуудын ахуйн тусгаар тогтнолын асуудлыг хөндсөн нь цагаа олсон, нэн чухал асуудал юм. Дэлхийн хөгжлөөс хоцрохгүй гэвэл монголчууд эхлээд толгойгоороо, өөрөөр хэлбэл оюун санаагаараа нэгдэхийн чухлыг бас уриалав. Бусад орны бүрэлдэхүүнд аж төрж байгаа үсэрсэн цусны дусал, тасарсан махны хэсэг - олон монголчууд  маань өнөөгийн Монгол Улсын тусгаар тогтнол, монголчуудын эрх чөлөөт амьдралын төлөө хувь тавилангийн золиос болсныг тодолж, хэл, соёл, өв уламжлалаа өвлөн хадгалж, монгол соёлыг бүрэн бүтэн байлгахад хувь нэмэр оруулж байгаад, хамгийн гол нь өнөөгийн Монгол Улсынхаа монголчуудад боломж олгосонд нь тэдэнд  талархал илэрхийлсэнд хариу талархмаар санагдав.  

 

Энэ бүхнийг сонсож суухдаа Самандын Жавхлан гэдэг энэ эр ер нь хэн бэ, юу хийсэн хүн бэ гэдгийг өөрийн мэдэх хэмжээнд эргэцүүлж үзлээ. Ойрад монголчуудад сүрхий хүчтэй ажиглагддаг явцуу үзэл байхгүй, монголчуудын нэгдмэл байдал, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлын төлөө, хэл соёл, өв уламжлалаа хадгалахын төлөө тууштай, хүчтэй дуугарч, үг үйлдэл бүрээрээ эх оронч хүн гэдгээ нотлон харуулсаар ирсэн байх юм.

Ая дуугаараа монгол сэрэхүйг хөглөгч байх хувь тавилан  түүний оноогдсон заяа гэлтэй. Хамаг Монголын төлөө хамаг амьдралаа зориулах оноолттой учраас л “Хамаг Монгол” төслийг эхлүүлж дээ гэх уянгын халилтай бодол ч сэтгэлд хургана. 

“Хамаг Монгол-1” төсөл дэлхий даяар тарсан монгол соёлоо хил хязгааргүй сурталчлахын зэрэгцээ Эх орондоо, монгол голомтондоо хураах, монгол өв соёлоо хамгаалах төсөл байсан гэж би хардаг. Хоёр дахь төсөл нь түүнээс илүү өргөн хүрээг хамрах нь. Тэлж байна гэсэн үг. Үүндээ эрдэмтэн судлаачдыг татан оруулбал ач холбогдол, үр өгөөж нь бүр нэмэгдэнэ байх. Ийнхүү монгол гэсэн өв соёл бүхнээ дотогш хурааж, үндэсний соёлоо бататгах нь нь маш чухал. Дотогш хураагдан нягтарсан хүч гадагш тэлэхдээ хурдтай байдаг. Өөрөөр хэлбэл монгол соёлоо эхлээд дотооддоо, дараа нь дэлхийд түгээн сурталчлах ажлыг зохион байгуулахад Самандын Жавхлан , түүний “Хамаг  Монгол” төсөл онцгой хувь нэмэр оруулж байна гэсэн үг.  

 

Урианхан Б.ГАЛААРИД