Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэр дэх “Тэс Петролиум” ХХК-д гал түймэр гарлаа гэсэн дуудлага өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 01-ний өглөө 09 цагт Онцгой байдлын газарт иржээ. Алба хаагчдыг очиход 2000 тоннын багтаамжтай АИ-92 шатахууны нөөцийн сав шатаж байсан бөгөөд унтраахаар ажиллаж байгаа юм байна.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 22, 54, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19, 61 дүгээр ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байгаа тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бид энэ асуудлаар Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргалаас тодруулахад: "Бид газар дээр нь ажиллаж байна. Урьдчилсан буюу албан бус мэдээллээр ээлж солилцох үеэр гурван хүн байсан. Хоёр нь одоогоор олдоогүй. Харин нэг хүн нь эмнэлэгт хүргэгдэх үедээ нас барчих шиг боллоо. Агуулах дэлбэрч их хэмжээний гал авалцсан учир унтраахад асуудал үүсэж байгаа тул Сэлэнгэ аймгийн ОБЕГ-тай хамтарч байна. Албан мэдээллийг тодорхой болсны дараа өгнө" гэв.