Нүүрсний хулгай, инфляци, Монголын нийгэм дэхь авилга, шударга бус байдлыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал Нийслэлийн төв талбайд долоо дахь өдрөө үргэлжилж байна. Үүнтэй зэрэгцэн нүүрсний хулгайн 44 их наяд төгрөг гэдэг үнийн дүн бодитой эсэх талаар ч янз бүрийн тайлбар гарч буй юм.

Тэгвэл У.Хүрэлсүхийн удирдсан Засгийн Газарт Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Сайдаар ажиллаж байсан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн МАН-ын Нийслэлийн Хорооны дарга Д.Сумьяабазар ч үүнтэй холбоотой байр сууриа илэрхийлжээ.

Тодруулбал МАН-ын Нийслэлийн Хорооны дарга Д.Сумьяабазар "NTV" телевизид өгсөн тайлбартаа:  "Би бол зүгээр тэр 40 их наядыг бол алдагдсан боломж гэдэг тооцооллоор гарч ирсэн болов уу? гэж бодож байгаа. Бодит тоо биш ээ.Яагаад ч бодит тоо тийм байхгүй. "ЭрдэнэсТавантолгой"-н сайт руу ороод хар. 2010 онд эхэлсэн, жилд хичнээн сая тонныг олборлож байсан юм гэдгийг ... Тэгээд л наад тоо чинь гараад ирнэ. Бараг л 80-90 -ын хооронд л байх болов уу? гэж бодож байна, миний тооцоогоор." гэсэн байна.

Гэсэн хэдий ч үндэсний бөхийн аварга Д.Сумьяабазар уул уурхайн санхүүгийн тооцоолол тийм сайн хийж чадах эсэхэд олон нийт эргэлзэж буй юм. Учир нь Д.Сумьяабазар "Ковид-19" цар тахлын ид дэгдэлтийн үед Нийслэлийн Онцгой комиссынхонтой ажиллаж байхдаа маш энгийн математик үйлдэл хийхдээ л алдан, 26+15=31 гэж олны доог тохуу болж байсан нэгэн билээ.

 

С.Сарнай

sonin.mn