Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын Зөвлөлийн хурлаар 18 аймаг, нийслэлд мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 239 аж ахуйн нэгжийн 118-ыг нь шалгасан дүнг хэлэлцсэн байна.

Аж ахуйн нэгжүүдийн ихэнх нь дунд эрсдэлтэй гэж гарсан аж. Үйлдвэрийн барилга байгууламжинд тавигдах шаардлагуудаас бусад үзүүлэлт өмнөх оныхтой харьцуулбал 28 хүртэл  хувиар  дээшилжээ. 

Хүн ам ихтэй нийслэл, Дархан-Уул, Дорнод, Орхон, Хөвсгөл дэх үйлдвэр, цехүүд ажлын байраа зориулалтын  дагуу өөрчлөн сайжруулсан, хүмүүсийнхээ ажиллах нөхцлийг бүрдүүлсэн, цэвэр, бохир усны сүлжээнд холбогдсон гээд хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн шаардлага хангасан орчин, стандартын түвшинд ажиллаж байгаа юм байна.

Уг шалгалтын явцад 835 зөрчил илрүүлэн 26 хувийг нь газар дээр нь арилгуулж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч зөвлөн туслах үйлчилгээ үзүүлжээ. Долоон үйлдвэр, цехийн ажлыг зогсоон эрүүл ахуй, чанарын шаардлага хангаагүй мах, махан бүтээгдэхүүнийг устгасан байна.

Цаашид улсын байцаагчийн гаргасан акт, албан шаардлагыг хэрэгжүүлж, зөрчлийг арилгуулах, шалгалтад хамрагдаагүй бусад үйлдвэр, цехийг энэ оны гуравдугаар улиралд багтаан шалгахаар болсон аж.

 

Х.Даваа