Ардчилсан Намаас нүүрсний асуудлаарх мэдэгдэл, “ЭТТ” ХК-тай холбоотой нууцад хамруулсан бүх офтэйк гэрээг ил болгох тухай хугацаатай албан шаардлагын талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал "Алтангадас од ямагт хойд зүгийг заадагтай адил хүүрсний хулгай МАН-ын засгийн газар руу байнга заах боллоо. Миний гарт улсын Ерөнхий прокурорын мэдээлэл байна.

Энэхүү мэдээлэлд дурдсанаар нүүрстэй холбоотой хэрэг бүртгэлтийн 38 хэрэг шалгагдаж байна. 2013-2017 оны гурван хэрэг байна. Тодруулбал 2013 оны хоёр, 2015 оны нэг, 2017-2022 оны хэргийг шалгаж байгаа гэсэн байна.

Мөн гаалийн газраас ирүүлсэн танилцуулгад 2018-2022 онд 1,748 тээврийн хэрэгслээр 186.4 мянган тонн нүүрс экспортын гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсоныг цагдаагийн байгууллагад хүргүүллээ гэсэн байна.

Засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" компанид бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны ТНБД Ж.Ганбатыг томилсон. Энэ хүн ЭТТ компанийн ТУЗ-д сүүлийн дөрвөн жил ажиллаж байгаа. Өмнө нь 2019, 2021 онд тус компанийг шалгаад гүйцэтгэх захирал Ганбатыг сайн байна гээд дүгнээд явж байсан хүн. Шалгалт хийх үеэрээ хулгайгаа шалгаж чадаагүй байж одоо өөрөө өөрийгөө шалгах гээд явж байгаа юм.

"Эрдэнэс Тавантолгой" компанийн ТУЗ-д ЗГХЭГ-аас 7 хүртэл хүнийг томилж байна. 38 хэрэг шалгагдаж байгаагийн 35 нь МАН-ын Засгийн газрын үед гарсан гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд.

Нүүрсний хулгай, офтэйк гэрээ МАН-ын Засгийн газрын үед хийгдсэн. "Эрдэнэс Тавантолгой" компани бие даагаад гэрээ хийдэггүй, Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу хийдэг.

Засгийн газрын энэ асуудлыг УИХ дээр ярих цаг нь болсон.

Гишүүд, бизнес эрхлэгчдийг зарлаад, нүүрс тээврийн жолооч нарыг цоллохоо боль. Жолооч нарт нүүрсний хулгай байх бололцоо байхгүй. Жолооч нарыг байцаахаа болих хэрэгтэй. Эдгээр компаниуд гэрээгээр А цэгээс Б цэгт ачаа хүргэн хөлсөө авч буй.

Нүүрсийг гаргадаг, олборлодог, гэрээ хийх шийдвэрийг гаргадаг хулгайч нартай тэмцэх талаар Засгийн газарт шаардлага хүргүүлж байна" хэмээн ярилаа.

Засгийн газарт өчигдөр хүргүүлсэн шаардлагын талаар АН-ын газрын дарга "АН-аас өчигдөр Засгийн газарт албан шаардлага хүргүүлсэн.

Төв талбайд 20 хоног жагссан иргэдийг хүчээр тараасан. Жагссан иргэдийн шаардлагыг үргэлжлүүлж тавьж байгаа.

Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын үед офтэйк гэрээ хийгдэж, нүүрсний хулгай хийх боломжийг олгосон байна. ЗГХЭГ-ын даргаар Ж.Мөнхбат, Г.Занданшатар, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, Б.Чойжилсүрэн нар ажилласан байна. Одоо Д.Амарбаясгалан ажиллаж байна. Бүгд МАН-ын гишүүд. Сангийн сайдаар нь Б.Жавхлан, УУХҮ-ийн сайд асан Д.Сумъяабазар, одоо Ганбаатар нар ажиллаж байна. Энэ хүмүүсийн нүд, чихээр орохгүй хулгай хийх ямар ч боломжгүйг шаардлагад дурдсан.

Гааль, АТГ, татвар, цагдаа, шүүх, тагнуул, прокурор, мэргэжлийн хяналтын байгууллагуудыг Засгийн газар удирдлага аргазүйгээр хангадаг. 

Нүүрсний хэдэн гэрээ, ямар үнэтэй хийсэн, гэрээнээс хэдийг нь ил болгох, одоо ил болгох уу, 1,072 хувьцаа эзэмшигчдээс асуухгүйгээр нууцад авсан болон гаргаснаа иргэддээ тайлбарлах шаардлагыг 24 цагийн хугацаатай өгсөн. Хугацаандаа хариу өгөхгүй бол АН-ын гишүүд, дэмжигчид Л.Оюун-Эрдэнээс шаардлагаа очиж авна" гэв.