Энэ нэгдүгээр сарын 01-ний өдөр /2023.01.01/ У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нар Төрийн тахилгат Бурхан халдун ууланд ирсэн учир оны эхэнд нар харж, хийморио сэргээхээр очсон иргэдийг уул руу гаргасангүй гэх бичлэг цахим сүлжээнд тарсан билээ.

Тэгвэл энэ талаар ЦЕГ-ийн Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн хэвлэлд өгсөн тодруулгадаа, “Би энэ талаар Хэнтий аймгийн цагдаагийн газрынхантай холбогдож, тодруулсан. Энэ сарын 1-нд Бурхан халдун ууланд хэргийн газрын хамгаалалт авсан байсан учир нар харахаар очсон иргэдийг уул руу гаргаагүй юм билээ. Ямар осол гарсан болох нь Мөрдөн шалгах ажиллагааны нууц байдаг учир мэдээлэл өгөх боломжгүй. Тухайн өдөр Бурхан халдун ууланд хэрэг гараагүй байсан ч өмнө нь хийж байсан шалгалтын ажиллагаа үргэлжилж байсан байж болзошгүй” гэжээ.