Ардчилсан Намаас байгуулагдсан Зөвшилцлийн ажлын хэсэг гаргасан шийдвэрийнхээ талаар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. 

“2022 оны аравдугаар сард Ардчилсан Намаас Зөвшилцлийн ажлын хэсэг 12 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Тус ажлын хэсэг Ардчилсан Намд үүсээд буй дотоод асуудлаа хэлэлцэх, шийдлийн гарцыг тодорхойлох, санал боловсруулах зорилготой байсан" гэж Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд мэдээллийн эхэнд хэлэв.

Үргэлжлүүлэн тэрбээр "Өнөөдөр манай улсад үнийн өсөлт, инфляц таазанд тулж, авлига албан тушаал нүүрсний хулгай гэх мэт гэмт хэргүүд ихээр гарч, ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт хүндэрч байгаа хүнд нөхцөлтэй байна. Иймд улс төрийн хоёр баганын нэг болох Ардчилсан Нам сөрөг хүчнийхээ үйл ажиллагааг хүчтэй явуулахгүй бол цаашид улам дордох эрсдэлийг тооцож үзэн дотоодын үл ойлголцол асуудлыг хойш тавьж, иргэдийнхээ сайн сайхны төлөө хамтран ажиллахаар ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Хүчтэй сөрөг хүчин байхын тулд бид 2024 оны бүх шатны сонгууль, УИХ болон Орон нутгийн сонгуульд Ардчилсан Нам нэг баг болж оролцохоо илэрхийлж байна. Үүнтэй холбогдуулан цаашдын үйл ажиллагаагаа Улс төрийн Намын тухай хууль болон Ардчилсан Намын дүрмийн хүрээнд бүтэц зохион байгуулалт үйл ажиллагаагаа хамтран зохион байгуулахаа ажлын хэсгийн гишүүд бүгд илэрхийлж байна” гэлээ. 

Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Мөнхжаргал “Өнөөдөр Ардчилсан Нам эв нэгдлийн тухай ярьж байгаа нь сайн зүйл. Сөрөг хүчнийхээ хувьд байр суурин дээрээ нэгдэж, 2024 оны сонгуульд эрх баригчдын эсрэг сөрөн зогсох чадвартай нам байхын тулд эвлэлдэн нэгдлээ. Эрх баригчдын даварсан үйлдлийг таслан зогсоох, иргэдийн амьдралыг дээшлүүлэхийн тулд эвлэлдэн нэгдэж байна. 2024 оны парламентын сонгуульд Ардчилсан Нам нэг нэр, нэг туг дор, нэг нэр дэвшигчтэй оролцох болно.

Мөн намын  гишүүдийнхээ санал дүгнэлтэд үндэслэж цаашдын бүтэц зохион байгуулалтыг хамтран шийдвэрлэхээр тогтсон" гэлээ.