Өнгөрсөн шөнийн хүйтрэлтийн талаар Цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Тодруулбал, өнгөрсөн шөнө Улаанбаатар хотын төв хэсгээр -35 градус, Туул голын дагууд -41 градус хүйтэн хоносон байна. Харин Завхан аймгийн Баянтэс суманд -50 градус хүрчээ.

Одоогоос таван жилийн өмнө буюу 2018 онд Завхан аймгийн Баянтэс, Цэцэн-Уул, Тосонцэнгэл сумдын нутгаар -50...-53 градус хүрч хүйтэрч байсан бол үүнээс хойш -50 градуст хүрээгүй байжээ.

Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн хэвээр байна хэмээн ЦУОШГ-аас мэдээллээ.

"Ойрын хэдэн хоногт шөнөдөө -40С давж хүйтрэх нь. Энэ хүйтэн Сибирь, Монголын ихэнх нутаг, залгаа Хятадын хойд нутгийг хамрах нь. Якутад өнгөрсөн 7 хоногт -62.4С бүртгэгдсэнээр сүүлийн 30 жилд хүйтрээгүй хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Якутын олон бүс нутагт -60С давж хүйтэрчээ.

Энэ хүйтрэл нь Арктикийн хэлбэлзэл, туйлын хуйлраа зэрэг үзэгдэлтэй холбоотойгоос гадна ерөнхийдөө дараах байдлаар тайлбарлагдана:

Хятадын хойд, Монгол, Сибирь даяар өнгөрсөн хэдэн саруудад хүйтэрч цас их унаж, цасан бүрхэвч тогтсоноос цасан бүрхэвч агаарыг хүйтрүүлж диабат хөрөлт Сибирийн их даралтын орныг эрчимжүүлнэ.

Азийн өндөрлөг газарзүйн онцлог болон диабат хөрөлтийн улмаас энергийн урсгал тропосферээс дээш тархан стратосферт шингэнэ. Энергийн хүчтэй урсгал геопотенциаль өндрийг дээшлүүлнэ. Стратосфер дулаарна, стратосферийн туйлын хуйлрааны эрчим суларна. Туйлын хуйлраа суларснаар тропосферт туйлын хүйтэн агаар урагш тархана.

Осгох, хөлдөхөөс сэргийлээрэй, хүйтрэхтэй холбоотой бэлэн байдлаа хангаарай" хэмээн цаг уурч, доктор Г.Гантуяа зөвлөжээ.