"IHC” койн худалдан авч хохирсон гэх иргэн их хэмжээний мөнгөө залилуулж, өөрсдийн автомашин, орон байраа алдсан гэх бусад хохирогч нарыг төлөөлөн олон нийтэд хандав.

Тэрбээр "Би койны хохирогч. Өөр бусад мянга, мянган хохирогчийн төлөөлөн болон өнөөдөр ирлээ. Би 2022 оны аравдугаар сараас IHC койн аваад 140 гаруй сая төгрөгөөр хохироод байна. Миний 140 саяар авсан койн тав хоногийн өмнө 6 сая төгрөг болтлоо унасан байсан. Гэтэл дахиад хакердуулаад 6 сая төгрөг маань 2 сая төгрөг болчихсон.

Ер нь койн авснаас хойш өдөр болгон л унаж байсан. Гэтэл  энэ койныг гаргасан н.Мөнхжин өдөр болгон стори хийгээд унахгүй шүү гээд л сонирхол төрүүлээд, итгүүлээд байсан. Тэр болгонд нь итгээд койны ханш нь унаад байсан ч итгэсээр өнөөдрийг хүрлээ. Намайг хэн нэгэн хүчлээгүй.

Гэхдээ л 140 сая төгрөг миний насаараа хураасан мөнгө. Хашаа байшингаа зарсан, цалингийн зээл авсан. Надаас өөр хохирсон ах дүү, хамаатан садан, ажлын газрынхан гээд маш олон хүмүүс байгаа. Гурван хүнтэй уулзахад хоёр нь койн аваад мөнгөө алдчихсан байна шүү дээ. Цагдаагийн байгууллага үүнийг шалгаж өгөөч гэж хүсье" гэлээ.