Сангийн яаманд өчигдөр Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд болон Татварын Ерөнхий Газрын дарга зэрэг албаны хүн болон сэтгүүлчдийн уулзалт боллоо.

Энэ үеэр Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын дэд сайд С.Зулпхар хүүхдийн мөнгийг яагаад нийт хүүхдийн 91 хувьд олгохоор болсон талаар дараах дараах тайлбарыг өгөв.

Тэрбээр "Нийгмийн бодлогыг аль болох зөөлөн шилжүүлдэг. Нэгэнт хэрэгжүүлж буй бодлогыг шууд өөрчилж болдоггүй. Хүүхдийн мөнгийг 91 хувьд олгоно гэдэг нь энэ дагуу явж байгаа. 

Зорилтот бүлэг нь цаг хугацаа, нөхцөл байдлаас шалтгаалан байнга өөрчлөгдөж байдаг. КОВИД-19 цар тахлын үед бүх хүүхэд зорилтот бүлэг байв. Хэдийгээр одоо цар тахлын дараах үе боловч өрхийн орлого хүндрэлтэй хэвээр байгаа. Иймд олон удаа хэлэлцсэний эцэст алгуур шилжүүлэлт хийх ёстой үзсэн. 

Нэгдүгээр сарын эцсийн байдлаар нийт хүүхдийн 90.8 хувь буюу 1,145,000 гаруй хүүхдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгосон. Гүйлгээг нэгдүгээр сарын 19, 25-нд хийлээ" гэв. 

Хүүхдийн мөнгийг олгохдоо өрхийн мэдээллийн санд үндэслэн тооцоолол хийсэн. Ингэхэд мэдээлэл ихээхэн зөрүүтэй байгаа тул иргэд засуулах хүсэлтээ илэрхийлсээр буй.

2023 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн байдлаар ам бүлийн тоо, хүүхдийн мэдээлэл, үл хөдлөх хөрөнгө, авто машин, малын тоо, цалингийн хэмжээ зөрсөн хэмээн 82,710 өрх, 313,000 гаруй иргэн мэдээллээ засуулах хүсэлт гаргажээ.

Дэд сайд С.Зулпхар "Бүхэлд нь авч үзвэл 231,834 өрхийн мэдээлэл залруулагдсан. Тухайлбал,

  • Ам бүлийн тоотой холбоотой 47,007 мэдээлэл
  • Хүүхдийн 29,247 мэдээлэл залруулагдсан.

Хоёрдугаар сарын 8-н хүртэл мэдээллийн санг засаж, үнэлгээг дахин бодно. Энэ үед хөдөлгөөн гарна. Журмаар зохицуулах асуудал ч бий. Тухайлбал, өөрсдөө оноогоо үнэлүүлэх боломжтой. Иргэд ийнхүү мэдээллээ шинэчилж, зассанаар мэдээллийн чанар сайжирч байгаа" гэв.