Гар утас, интернэт хүний амьдралд нэвтэрснээр харилцаа холбоо, эдийн засаг гээд олон зүйл сайжирсан нь давуу талтай  боловч сөрөг тал ч бий. Тухайлбал, сүүлийн  үед цахим орчинг ашиглан бага насны хүүхдүүд гэмт хэргийн хохирогч болох эсвэл гар утас, тоглоомонд хэт донтох зэрэг асуудлууд үүсэж буй.

Тэгвэл нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Finberry платформ, Q Education,  Mongolian volleyball academy, Ч.Ганжавхлан нар хамтран 10-12 насны хүүхдэд зориулсан “Намайг хараач” хөтөлбөрийг санаачлан зохион байгуулсан юм. 

 

сонин mn

Хөтөлбөрийн нээлт өнгөрсөн баасан гаригт МУИС-ийн номын санд боллоо. “Намайг хараач” хөтөлбөр нь хүүхдийг цахим хэрэглээний хэт хамаарлаас хамгаалах, сэтгэл зүйн болон бие бялдрын боловсрол олгох 10 хоногийн цогц хөтөлбөр аж.  “Намайг хараач” хөтөлбөрийн бүртгэл нь өнгөрсөн лхагва гаригт Finberry платформоор 30 минутын хугацаанд явагдаад хаагдсан юм.

 

Ингэхэд 402 хүн бүртгүүлж түүнээс 40 хүүхдийг сонгосон байна. Энэ нь хүүхдэд зориулсан энэ төрлийн хөтөлбөр хэр зэрэг эрэлттэй байгааг харуулж байна. Нээлтэд сонгогдсон 40 хүүхэд аав, ээжийн хамт ирсэн байлаа. Эцэг эхчүүдийн хувьд яг одоо хүүхдэд нь тулгамдаж байгаа асуудлыг шийдэх сонирхолтой сургалт байсан учраас хүүхдүүдээ бүртгүүлсэн тухайгаа ярьж байв.

 

Эцэг эхийн төлөөлөл М.Сарантуяа “Манай хүүхэд 10 настай. Өнөөгийн нийгэмд тулгамдаж байгаа асуудал бол яах аргагүй хүүхдийн утасны хэрэглээ. Хоол идээд суухдаа хүртэл утас оролддог. Утсыг нь болиулж ярилцахад утсан дээрээ ийм тоглоом тоглосон. Youtube-ээс ийм зүйл сурсан гэх зэргээр ярьдаг. Эцэг эх биднээс илүү утас хүүхдийг хүмүүжүүлж байна шүү дээ. Сүүлийн үед миний санаа зовж буй асуудлын нэг бол яах аргагүй утас. Гэхдээ хүүхдээ бие бялдар, оюун ухааны цогц хөтөлбөрт явуулах гэхээр тийм сургалт байдаггүй байсан. Харин энэ удаа яг хүсч байсан сургалтаа олж хүүхдээ бүртгүүлсэн” гэсэн юм. Мөн эцэг, эхчүүдэд сэтгэл хөдлөлийг хэрхэн дасгалжуулах вэ гэдэг сургалт орж байсан юм. 

 

сонин mn

Хүүхэд сэтгэл хөдлөлөө удирдаж чадсанаар аливаа зүйлд донтох нь багасдаг байна. Энэ тухай "Q Education" группийн үүсгэн байгуулаг, багш Ц.Алтонсор  “Өнөөдөр нийгэмд тулгамдаад байгаа асуудал бол амьд харилцаа асар их дутагдаж байна. Технологи гэдэг бидний амьдралыг хялбарчилсан олон том ололтыг авчирсан ч эргээд хүүхдүүдийн амьдрал, сэтгэлзүй болон сэтгэл хөдлөлийн боловсролд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс эцэг эхчүүд болон боловсролын байгууллагууд үүнд анхаарч ажиллах ёстой гэдгийг харуулах зорилгоор зохион байгуулсан. Хөтөлбөрийн маань нэр ч гэсэн “Намайг хараач” намайг анзаараач гэсэн нэртэй. Томчууд бид нийгмийн стресс, ажлаасаа шалтгаалан хүүхдээ орхигдуулдаг.  Ингээд амьд харилцаа байхгүй учраас хүүхдүүд утас оролддог. Бүр заримдаа өөрөөсөө холдуулахын тулд утсаа ч тоглуулдаг. Тэгвэл амьд харилцаатай, өөрийгөө сатааруулах зүйлтэй бол хүүхэд утсаа оролдохгүй шүү дээ. Манай байгууллагын хувьд зүрх сэтгэлийн боловсрол сэтгэл хөдлөл талаас нь хүүхэдтэй ажиллана. Ер нь аливаа зүйлд хүн донтоно гэдэг сэтгэл хөдлөлдөө хэт автаж буй хэрэг. Тиймээс хөдлөлөө удирддаг болвол донтохоо больж эхэлнэ. Тэгвэл бид хүүхдүүдийн сэтгэл хөдлөлийг оношилж, хэрхэн удирдах талаар сургана” гэсэн юм. 

 

сонин mn

Зохион байгуулагч Ч.Ганжавхлан “Цахимын хэт донтолт бол шинэ үеийн тахал болсон. Эцэг эхчүүд ч дийлэхээ байсан байна. 10-12 нас бол хүүхдүүд бүх зүйлийг ойлгодог, ухаардаг, хүмүүждэг нас. Тиймээс бид “Намайг хараач” хөтөлбөрийг санаачилсан. Энэ бол ашгийн бус хөтөлбөр. Хүүхдийг гурван нэгдлээр буюу зүрх сэтгэлийн, бие бялдрын, сайн үйлсийн боловсрол гэсэн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байна. Тодруулбал, маргааш бид хүүхдүүдийн хамтаар найрамдал төвд очиж бие бялдар болон сэтгэл зүйн сургалтандаа орно. Мөн сагсанбөмбөг, гарбөмбөг, цасны баяр, иог, шинжлэх ухааны туршилт зэргийг зохион байгуулна. Дараагийн амралтын өдрүүдэд гэр хорооллоор алхаж амьдралын талаар ярилцана. Хогийн цэг дээр амьдрал байдаг гэдгийг харуулна” гэсэн юм. "Finberry платформ" нь Краудфандинг буюу хамтын санхүүжилтын систем юм. Гарааны бизнес болон ЖДҮ эрхлэгчдийн хувьд өөрсдийн томоохон асуудал болох санхүүжилтийг шийдвэрлэх томоохон боломжийг олгодог. 

 

Бямбагэрэлийн Баяржавхлан

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин