Насан багаасаа сонсож өссөн үлгэр домог, уншсан ном, үзсэн кино маань бүгд тод томруун ялагчийн дүртэй байв. Үлгэр бүрд нэг том мангасыг дарж амар сайхан жаргаад төгсдөг. Мангасыг дарахын тулд манай талын баатар түмэн зовлон туулж, хүний хийж барахааргүй их баатарлаг гавьяа байгуулж ялалтанд хүрнэ.

Ингэж дуусахад сая нэг санаа амарч, сэтгэл уужирдаг. Залгуулаад бичиг үсэгт тайлагдаж, уншсан номууд маань ч эерэг талын баатар зовж зовж нэг юм санаа муут хүмүүсийг дийлж байгаа үйл явдал өрнөнө. Хүүхэлдэйн кинонууд ч ялгаагүй дээ, “Ухаант туулайн үлгэр”, “Чамайг даа”, “Том ба Жэрри”-гээс эхлээд Цасан гоо, Үнсгэлжин хүртэл муу талынхнаа ялан дийлээд, жаргаж дуусна. Ийм нэг хэт сайн бас хэтэрхий муу дүрүүдийн зөрчил тэмцэлд мууг нь үхэхээр үнэнээсээ баярладаг хүмүүжилтэй болон өсчээ. Мэдээж, сайн талын баатар ялах нь зөв байлгүй яахав. Гэхдээ муу ч гэсэн тэр нэг баатрыг алга болоход ингэж их баярладгаа мэдээгүй л явжээ. Хүн сурсан үзэл хандлагаараа л амьдардаг, шийдвэр гаргадаг, үйл явдлыг өрнүүлдэг юм байна.

Өөрөө ч мэдэж анзаараагүй явсан энэ үзэл хүмүүжил маань орчин цагт арай л бүдүүлэг талдаа ороод явчихлаа, манайхаан. Үзэл хандлагаа өөрчлөхгүй бол таарч тохирохоо больж байна. Дайснууд үхэхэд баярлан алга ташиж суух биш, дайсан болж бие биенээ алж хядахаас нь өмнө учраа олдог ухаалаг хандлагыг өөр өөрсдөдөө төлөвшүүлж авах цаг үе ажээ.

Одоо цагт өрнөж байгаа том дайн, байлдаануудыг харж байхад өөрийн эрхгүй ингэж бодоход хүрэв. Уркаин Оросын дайн өнөөдөр ч үргэлжилсээр байна. Украиныг дэмжигчид сошиал орчинд янз бүрийн бичлэг оруулж, манай украинууд оросуудыг сүйдэлж байна аа гэсэн тайлбартайгаа явуулж байх юм. Өнөө бичлэгийг нь ороод харахаар өр өвдөм. Эвдэрч хэмхэрсэн байшин барилга, дайснууд нь бидний хүү мэт, дүү мэт залуухан орос хөвгүүдийн амьгүй бие. Хайрлам, халгам. Оросуудын дайралт ч ялгаагүй, украинуудыг ингэж л хядаж байгаа. Үүнд манай тал, танай тал гээд алга ташаад байх нь хэтэрхий утгагүй юм. Ингэж алалцахаас нь өмнө учраа олж, эцсийн найдлага алдагдахаас нь урьтаж ярилцаж хэлэлцэж, эв найртай болмоор.

Шинжлэх ухаан технологи өндөр хөгжсөн, хиймэл оюун ухааны энэ зуунд дайн гэдэг бахь байдаг XIII зууныхаараа байгааг бид харж сууна. Адилхан л бие биеэ хядаж, эвдрэл сүйтгэл, нус нулимс, өнчрөл хагацал дунд өрнөж байна. Ийм аймшигт үйл явдлаас татгалзахын тулд улс үндэстэн, ард түмэн, хүн бүр либерал үзэл баримтлалтай болох хэрэгтэй. Ядаж энэ талын ойлголт мэдлэгтэй байж л оршин тогтнох цаг үед бид амьдарч байна. Либерал үзэлтэй бол гээд аймаар том сургалтанд сууж, том онол үзэж, сурч судал гээд байгаа юм биш ээ. Бусдын амьдрал, биеэ авч явах байдал, ялангуяа зан заншил, амьдралын хэв маяг нь таныхтай эсрэг байхад нээлттэй, хүндэтгэлтэй, хүлээцтэй ханддаг хүнийг либерал үзэлтэй гээд ойлгож болно. Та өөрт чинь таалагддаггүй гээд хөршүүддээ дайсагнах биш хүлээн зөвшөөрөх үзэл санаа юм. Орчлон дэлхий дээр бие биенээ хүлээн зөвшөөрөхгүйгээс л хамаг зөрчил, дайн байлдаан эхэлдэг бол либерал үзэл хандлага давамгайлбал өмнө нь учраа олох, бие биенээ сонсох, эв найртай байх үндэс тавигдах учиртай ажээ.

Хэт далийхгүй байх энгийн нэг жишээ авъя. Баруунд гудамжаар явж байгаа нохойг хүүхдүүд гүйж очоод илж эрхлүүлдэг. Манай ноход шиг өнөө нохой уурлаж хаздаггүй, харилцан эв найртай эрхлэлдэж байгаад салдаг. Хүүхдүүд ч сэтгэл хангалуун, нохой ч амар амгалан. Өөр нэг жишээ. Хулгануудын явдаг зам дээр том тарган муур голлоод хэвтчихсэн байх. Зам хаалаа гэж уурлаж байгаа бололтой хулганууд зогсоо зайгүй шулганалдан загнаж байгаад хажуугаар нь хөдлөх ч үгүй хэвтэхийг яана. Хичнээн дургүй байсан ч бусдыг хүлээн зөвшөөрөх төлөвшлийг ингэж зүйрлүүлж болмоор санагдлаа.

Либерализмыг хүлээн зөвшөөрдөггүй, зүхдэг хүмүүс бий. Тийм хүмүүс эргээд нэг хардаггүй нь сонин. Ийм том дайн хийж, хамаг хүнээ хядуулж, улс орноо сүйрүүлж байхынхаа өмнө боломжит бүхий л хувилбараар хоёр тал хэлэлцэж сурах нь л илүү амар хялбар бөгөөд ашиг тустай. Нэг үзэл суртал, нэг хүний эрх ашгийн төлөө амиа өгдөг байдал аль эрт үеэ өнгөрөөжээ. Өнөөдөр Путины шийдвэрээр олон мянган орос эрчүүд дайнд явж, амь эрсдэж байна. Хэдийгээр эх орноо хамгаалж байгаа ч гэсэн украинчуудыг ч буруутгах өнцөг гарч ирнэ. Өргөн уудам дэлхийн хаана ч очоод амьдарсан амьд мэнд гараад явах юм. Тарган муур авгай тэднийг шоодож барьж идэхгүй, хазаж шидэхгүй ч аминдаа л хорлож байгаа бололтой зам дээр нь байх шиг жаргал хаана байх билээ.

Цаг үеэ дагаад одоогийн хүүхэлдэйн кинонууд агуулга үндсээрээ өөрчлөгдсөн байна лээ. Жишээ нь, Пороро хүүхэлдэйн киноны үйл явдал үнэн зугаатай. Бүх баатар нь сул талтай бас давтагдашгүй сайн чанартай. Тэнд дан сайн эсвэл тэр чигтээ муу талын баатар байдаггүй. Бүгд л ямар нэгэн буруу зүйл хийдэг, нэгийгээ хөнгөхөөн хорлодог. Тэглээ гээд Поророгийн найзууд муу зан гаргасан нэгнээ уучлаад эвлэрээд явдаг. Өнөөх нь ч дахиж ийм муу зан гаргадаггүй. Бүр хамгийн хэрэггүй гэмээр баатар ч хэцүү үед найзуудынхаа амийг аварч байх жишээтэй. Ийм кино үзэж өссөн одоогийн багачууд либерал үзэл хандлагатай өсөж төлөвших нь тодорхой юм. Харин “аргай аргай түг гээд аавыгаа алаад амар сайхандаа жаргадаг” үлгэр сонсож өссөн үеийнхний хандлага, харилцааг өөрчлөхийн тулд орчуулгын номуудын сонголтод анхаарч, орчин цагийн либерал кинонуудыг ч түлхүү гаргаж байх хэрэгтэй юм шиг. Манай зохиолч, найруулагчид ч энэ тал дээр нэгийг бодож хоёрыг тунгаах хэрэгтэй. Хамгийн их орлоготой нэрд гарч яваа найруулагчид ч үүнийг анзаарч харж байгаа гэж найднам.

Хүчирхийлэлгүй, амар амгалан нийгэмд амьдармаар байна гэж хүн бүр л ярьдаг. Ингэж ярьж байгаа Та өөрийнхөө үзэл хандлагыг анзаарч нэг хараарай. Бид муу талын баатрыг үхэхэд үнэнээсээ алга ташин баярладаг тэр зангаа гээж байж л арай эрүүл нийгмийг бий болгох юм. Зөвхөн өөр өөрөөс шалтгаалах бүхнээ өдөр бүр хийгээд хэрэгжүүлээд явахад амьдрал арай зөөлрөөд ирнэ.

Хахир хатуу сэтгэлтэй байж боломгүй цаг үед амьдарч байна даа, бид.