Сар шинийн баяртай холбогдуулан энэ сарын хүүхдийн мөнгөн тэтгэмжийг ирэх гуравдугаар сарын хүүхдийн мөнгөтэй хамтатган өнөөдөр олгоно гэсэн ч албаны хүмүүс гуравдугаар сарын санхүүжилт орж ирээгүй гэсэн юм.

Түүнчлэн өрх толгойлсон олон хүүхэдтэй эцэг, эхчүүдэд олгох мөнгөн тэтгэмжийг ч өнөөдөр өгөх аж.

Гуравдугаар сарын мөнгийг энэ сарынхтай хамт өгөх эсэх талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын/ХХҮЕГ/ дарга Т.Бадрахбаяраас тодруулахад "Хоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг өгөх санхүүжилт орж ирсэн. Монгол Улсын нийт хүүхдийн 91% буюу 1.2 сая орчим хүүхдэд 114 тэрбум төгрөг олгоно. Хоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг өнөөдөр олгоно.

Гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг хоёрдугаар сарынхтай хамт олгох чиглэл бидэнд ирээгүй. Гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг олгох санхүүжилт орж ирээгүй.

Халамжийн мөнгийг урьдчилж өгөх нь буруу юм. Тухайн иргэний сар тутмын наад захын хэрэглээг хангах халамжийн тэтгэмж учраас дараа сард хэрэглэх мөнгөгүй болчихдог" гэв.

Сангийн сайд Б.Жавхлан "Цагаан сар болох гэж байгаатай уялдуулж, гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг урьдчилж олгоно" хэмээн энэ оны нэгдүгээр сарын 17-ны өдөр нийтэд мэдээлж байсан юм.