ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, хууль зүйн доктор Я.Цэлмэн 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Швейцарын Холбооны Улсын Женев хотод байрлах Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Барбара Бернат, ахлах зөвлөх Бен Бакланд нар Монгол Улс Эрүү шүүлтээс урьдчилсан сэргийлэх механизмыг шинээр байгуулагдсанд амжилт хүсэж, Үндэсний урьдчилан сэргийлэх механизмыг бэхжүүлэх, албан хаагчдыг чадавхжуулахад бүхий л талаар хамтран ажиллахаа илэрхийллээ.

Гишүүн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэгийн удирдлага, төлөөллийг Монгол Улсад хүрэлцэн ирж, Үндэсний урьдчилан сэргийлэх механизмыг бэхжүүлэхэд мэдлэг, туршлагаа хуваалцан хамтран ажиллахыг урьсан бөгөөд талууд урьдчилан тохиролцлоо.