Нийслэлийн эдийн засгийн форумыг гуравдугаар сард зохион байгуулахаар болжээ. Энэ үеэр хийгдэх эдийн засгийн хэлцэл, хамтран ажиллах баримт бичиг батлагдах юм байна.

Нийслэлийн удирдах ажилтнуудын зөвлөгөөний үеэр холбогдох албаныханд гамшгаас хамгаалах дадлага сургуулийг зохион байгуулах бэлтгэл ажил, барилга угсралтын орчны өнгө үзэмжийг эрчимжүүлэх, аюулгүй байдлыг хангахыг НЗД-ын орлогч үүрэг өгөв.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн "Турк улсад болсон газар хөдлөлтийн нөхцөл байдлыг бид харлаа. Улаанбаатарт сүүлийн 20-30 жилийн хугацаанд баригдсан барилгуудыг эргэж харах ёстой болж байна.

Тухайн барилга газар хөдлөлтөд тэсвэртэй эсэхийг шалгаж буй бидний арга олон улсын стандартад нийцдэг эсэхийг ярих хэрэгтэй.

Улсын комиссынхон барилгыг хүлээн авахдаа газар хөдлөлтийн тэсвэрийг хэрхэн, яаж шалгаж байгаа нь чухал" болохыг Мэргэжлийн хяналтын байгууллагын удирдах албан тушаалтанд анхаарууллаа.

Мөн замын хөдөлгөөний систем RFID чип суурилуулах ажлыг эрчимжүүлэх, иргэдэд таниулан сурталчлах ажлыг эрчимжүүлэх нь зүйтэй гэв.