Газрын тухай долоон багц хуулийн төслийг эргүүлэн татахаар шийдсэн гэдгийг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн өнөөдөр мэдээллээ. 

Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа тэрбээр "Ойрын үед нийслэлийн төлөвлөлтийн асуудлыг танилцуулж эхэлнэ. Иргэдийн тодорхой саналыг бас авна.

Төлөвлөлтийн хэмжээнд яригдаж буй зүйлсээс дурдъя. Энэ нь эцэслэгдээгүй гэдгийг хэлье.

Нийслэлд замуудын төлөвлөлт хийгдэнэ. Тухайлбал,

  • Сэлбийн гол дагуу зам тавигдана
  • Туулын гол дагуу зам тавигдана
  • 1-р хорооллын ар тал, ТЭЦ-4-ийн урд замуудыг өргөтгөнө.

Мөн Яармагийн замыг ТЭЦ-4-ийн урдах буюу Сэлбээр ирж байгаа замтай холбох төлөвлөлтүүд хийгдэх жишээтэй.

300 гаруй эрх бүхий хүмүүс газар олголт хийгээд байна. Энийг яаж зохицуулах вэ гэдэг асуудлыг нарийн авч үзэх хэрэгтэй.

Түүнчлэн 5,800 гаруй барилга байгууламж паспортгүй байна. Өөрөөр хэлбэл газар хөдлөлтөд өртвөл яах вэ гэдгийг нь судлаагүй байгаа гэсэн үг. Энэ барилгуудыг хоёр сарын дотор багтааж, үзлэг хийх шийдвэр гаргасан. 4, 5 дугаар сард эдгээр паспортгүй барилга байгууламж дээр газар хөдлөлттэй холбоотой судалгаануудыг хийнэ. 

Үүнээс гадна манай улс руу орж ирдэг арматура стандартын шаардлага хангаж буй эсэхийг лабораторид судлуулна. Хувийн хэвшлийн барилга байгууламжийг анхаарахгүй орхичихсон байдаг юм байна" гэлээ.