Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дахь Хавирга-Архашаат боомтын зорчигч тээврийн хөдөлгөөн өчигдөр нээгдэж хэвийн горимд шилжжээ. 

Энэ өдөр боомтоор Монголын талаас нэг тээврийн хэрэгслээр 37 зорчигч, Хятадын талаас мөн нэг тээврийн хэрэгслээр 12 зорчигч харилцан зорчив. Нүүрс тээврийн том оврын 10 автомашин нэвтэрсэн байна. 

Өнгөрөгч сард тус боомтын ачаа тээвэр, шалган нэвтрүүлэх цэг хэвийн горимд шилжиж байсан юм. 

БНХАУ руу зорчих иргэдээс PCR шинжилгээний сөрөг хариу шаардана

зураг

 

БНХАУ руу зорчих иргэд Автотээврийн газарт автобусны тасалбар бичүүлж, PCR шинжилгээний сөрөг хариутай хилээр нэвтэрнэ.

Хувийн автомашинаар зорчих боломжгүй. Харин 8-аас дээш хүний суудалтай автомашинаар өдөрт 120-оос ихгүй хүнийг зорчуулах юм байна.

Боомтын үйл ажиллагаа коронавируст халдварын цар тахлын улмаас 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдрөөс зогссон байв. Хоёр улсын хэлэлцээрийн дагуу гурван жилийн дараа иргэдийг нэвтрүүлж эхэллээ. Уг боомтын үйл ажиллагаа хэвийн горимд шилжсэнээр Монгол, Хятадын харилцаа холбоо сайжирч эдийн засгаа тэлэх олон боломжууд бүрдэж байна.

БНХАУ-тай хиллэдэг Монгол Улсын Хавирга-Архашаат боомт нь Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт байрладаг.  Анх 1992 оны долдугаар сарын 1-нд нээгдэж, 2004 оноос эхлэн тогтмол үйл ажиллагаагаа явуулж өдөрт дунджаар 500-700 хүн хоёр улсын хооронд зорчиж, экспортыг нэмэгдүүлдэг Зүүн хойд Азийн орнуудтай холбогдох өндөр ач холбогдолтой боомт.

Боомтын дэд бүтцийг хөгжүүлж, боомтын хөгжлийн төлөвлөгөөг “Өрнөл проект” ХХК гүйцэтгэн ажиллаж байгаа аж.