“Зайсангийн хос гүүр, Наадамчдаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх /Яармагийн замыг нэгдүгээр хороололтой холбох/ гүүрэн байгууламж, Шар хаднаас Гачуурт хүртэлх гүүрэн байгууламжийн ажил гуравдугаар сарын 1-нээс эхэлсэн” болохыг Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан мэдээллээ.

Түүнчлэн Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн асуудал яригдав.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үйл ажиллагаанд шалгалт оруулна

Цэнгэлдэхийн 51 хувийг 1993 онд хувьчилсан бөгөөд ойр орчмынх нь газрууд жилээс жилд хумигдаж, олон давхар орон сууц баригдах болсон. Тус хүрээлэнд тоглолт зохион байгуулж, орлого олдог ч 49 хувийг эзэмшдэг нийслэлд мөнгө орж ирдэггүй байна.

Өнгөрсөн жил л гэхэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтод нийслэлээс багагүй хөрөнгө зарцуулжээ. Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Бид засвар, үйлчилгээ хийгээд байдаг. Гэтэл нийслэлд ямар ч мөнгө орж ирдэггүй, ийм байж болохгүй. Ажлын хэсэг байгуулж, шалгалт оруулах хэрэгтэй. Нийслэлийн өмч эзэнгүй мэт байж болохгүй” гэлээ.