Хөх хотын консул асан, лайвчин Д.Мөнх-Эрдэнийг шүүхээс өнгөрсөн долоо хоногт сулласан билээ. Гэвч түүнийг өчигдөр гурав дахиа цагдан хорьжээ. Энэ талаар Д.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Баянжаргалаас тодрууллаа.


-Д.Мөнх-Эрдэнийг шүүхээс өнгөрсөн долоо хоногт сулласан. Өчигдөр буцаад хорьчихож. Юу болов?

-Нөхөр маань өнгөрсөн долоо хоногт суллагдаад шүүхээс зааж өгсөн маршрутынхаа дагуу гэр-лагер-сургууль-эмнэлэг явдаг болсон. Өөр хаашаа ч яваагүй. Өдөр бүр шүүх дээр очиж бүртгүүлдэг. Өнөөдөр өглөө /өчигдөр/ бид хоёр бүртгэлээ хийлгэчихээд гэртээ дөнгөж орж иртэл өмгөөлөгч маань ярьсан. Д.Мөнх-Эрдэнийг сулласан шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж прокурор нь гомдол гаргасан тухай хэллээ.

Шүүх нэгэнт хуулиа хараад шийдвэрээ гаргаж сулласан болохоор нэг их юм бодсонгүй, шүүх дээр явж очлоо. Гэтэл шүүх хурал хийгээд л нөхрийг маань буцаагаад хорьчихлоо. Үнэхээр юу ч хэлж чадахгүй байна. Маш их гайхаж цочирдлоо. Өмгөөлөгч маань ч гайхаж байна.

-Нэг хүнийг ойрхон гурван удаа бариад хорьчихлоо. Ар гэрт нь хүнд тусч байгаа байх?

-Тэгэлгүй яахав. Өмнө нь баригдахад хүүхдүүд маань ямар хэцүү байдалд оров. Шилжилтийн насны хөвгүүд маань маш их цочирдсон. Ууртай бухимдалтай, юу ч ярихгүй маш хэцүү байдалтай өдөр хоногуудыг өнгөрөөлөө. Өнгөрсөн долоо хоногт суллагдахад нь бид ямар их баярлав. Гэтэл дахиад хорьчихсон талаар дуулсан хөвгүүд маань бүр хэцүү болчихлоо. Жаахан охин маань аавыгаа дахиж хоригдсоныг мэдээгүй яваа. Юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байна.

-Д.Мөнх-Эрдэнийг суллах шийдвэрийг шүүх хэдхэн хоногийн өмнө гаргасан. Буцаагаад хорьж байгаа нь шүүх өмнө нь гаргасан шийдвэрээ хууль бус байсан байна гэж үзэж байгаа явдал боллоо гэж олон нийт дүгнэж байна?

-Хүний эрх талаасаа аливаа хэрэгт хүнийг олон сараар хорих эрхгүй байдаг. Гэтэл суллаад л хориод л байдаг хууль шүүхийн шийдвэр гэж юу гэсэн үг вэ.

Нөхөр маань бараг 70 гаруй хоног хоригдчихлоо. Сая гарахдаа бие нь тааруухан байсан. Овоо нэг босгож ядах гэж байтал дахиад л хорьчихлоо. Монголын прокурорын байгууллага, шүүх байгууллага яаж ажиллаад байна вэ. Ямар ч хорих үндэслэл байхгүй. Хуулиа мэддэггүй Ерөнхий шүүгч байдаг юм байна. Хүнийг хорьж л байвал ямар ч хамаагүй арга хэрэглэнэ гэдэг прокурор байдаг юм байна. Үнэхээр гомдолтой байна. Захиалгатай ажиллаж байгаа нь харагдаж байна шүү дээ. Надад ингэж хардахаас өөр арга алга.