Сонгуулийн сурталчилгааг гадны хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулахыг хориглоё
2023/03/22
Энэ хаврын чуулганаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэнэ. Үндсэн хуулиар уг хуулийг зургадугаар сарын 20-ноос өмнө шинэчлэн баталсан байх ёстой. Энэ хуульд онцгойлон нэг заалтыг заавал тусгах, оруулах нийгмийн шаардлага бий болчихлоо. Тэр нь юу вэ гэвэл "Сонгуулийн сурталчилгааг гадны хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулахыг хориглох" юм.
"Хэзээдээ бид гадаадын харьяаллын хэвлэл мэдээллээр сурталчилгаа явуулдаг болчихов оо" гэх байх. Фэйсбүүк, Твиттер, Инстаграм, Юүтүб зэрэг платформуудыг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж үзээд байгаа юм аа. Дэлхий ерөнхийдөө Фэйсбүүк, Твиттер гэдэг хоёр том мэдээллийн хэрэгслийн нөлөө, давлагаан доор бужигнаж байна.
Фэйсбүүк, "Мета" компанийн зар сурталчилгааны дүрэмд хэд хэдэн хориглох заалт байдаг юм. Тэдгээр заалт дотор "Улс төрийн утга агуулгатай мэдээллийг сурталчлахыг хориглоно" гэсэн заалт бий.
Хэн нэгний тухай хэт хувийн шинж чанартай мэдээлэл, дуулиан шуугиан, хүчирхийлэл агуулсан сенсаацитай контент, криптовалютын бүтээгдэхүүн үйлчилгээ, болзох үйлчилгээ, мансууруулах бодис, архины донтолт, онлайн тоглоом, мөрийтэй тоглоом зэрэгтэй холбоотой мэдээллийг сурталчлахгүй. Түүнчлэн нийгмийн асуудал, сонгууль эсвэл улс төрийн шинжтэй зар сурталчилгаа явуулахад тодорхой хязгаарлалт үйлчилдгийг "Мета" дүрэмдээ тодорхой заачихсан байна. "Мета" компани аливаа улс, үндэстний улс төрийн сонголтод нөлөөлөхгүй, үймээн самуунд турхирахгүй гэдэг зарчим баримталдаг нь зар сурталчилгааны дээрх заалтуудаас нь харагдаж байна.
Хэдийгээр улс дамнасан, дэлхийг хэрсэн Фэйсбүүк гэх энэ мэдээллийн аварга том сүлжээ зар сурталчилгааны дүрэмдээ хориглох зүйлсийг заасан ч манайхан эс мөрдөж төлбөр төлөөд зар сурталчилгаагаа явуулж байгаа нь дүрмийн бус үйлдэлд тооцогдоно л доо. Өндөр зарчим баримталдаг тус компани дүрмийг нь зөрчсөн хэрэглэгчдийгээ эхнээс нь эрхийг нь хязгаарлах замаар тэмцэж байгаа.
Монголд Фэйсбүүкийн зар сурталчилгааны дүрмийг дээд зэргээр зөрчдөг хүмүүс бол улстөрчид болчихоод байгаа.
2020 оны наймдугаар сараас хойш Фэйсбүүкт хамгийн их мөнгө төлсөн улстөрчдийг зарлахад, Э.Батшугар 99.8 сая төгрөгөөр уг жагсаалтыг тэргүүлсэн бол Ж.Ганбаатар 49.2 сая, Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН) 38.5 сая, Б.Найдалаа 30 сая, Б.Пүрэвдорж 25.2 сая, МАН 15.2 сая, Х.Ганхуяг 13.1 сая, Ж.Батсуурь 10.1 сая төгрөгөөр удаах байруудад жагссан. Дунджилбал, нэг улстөрч 35 сая төгрөгөөр Фэйсбүүкт мөнгө төлж постоо сурталчлуулсан гэсэн үг. Нийтдээ 281.1 сая төгрөг. Үүнийг л болиулах хэрэгтэй. Сонгуулийн дараа ийм их мөнгөн дүнтэй гүйлгээг гадагшаа зүгээр урсчихсан гэхээр 2020 оны сонгуулийн өмнө, сонгуулийн үеэр хэдэн тэрбумаар нь цацчихсан нь тодорхой л доо.
Улстөрчид улс төрийн шинжтэй болоод сонгуулийн сурталчилгааны хамаг мөнгөө гадагшаа урсгахын оронд дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагууддаа шингээдэг баймаар байна. Улс эх орны хөгжлийн төлөө ард түмнээ төлөөлж төр түшилцэх гэж байгаа, түшилцэж байгаа эрхмүүдийн хувьд сонгуулийн сурталчилгааны мөнгөө гадагшаа урсгаж байна уу, дотооддоо шингээж байна уу гэдгээс рейтинг нь өгсөх үү, буурах уу гэдэг үзүүлэлт шинээр орж ирж байна ч гэж харж болох нь.
Сонгуулийн тухай хуульд "Сонгуулийн сурталчилгааг гадны хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулахыг хориглоно" гэж заахдаа сонгуулийн сурталчилгааг зөвхөн сонин, телевиз, сайтаар явуулна гэж нэр цохож оруулах нь элдэв төөрөгдөл Хэрэв ийм заалтыг Сонгуулийн тухай хуульд тусгуулж чадвал Фэйсбүүкээр дамжин гадагшаа сул урсаж байгаа валютыг дотооддоо шингээх, хоёрдугаарт дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагуудаа дэмжих ач чухал холбогдолтой. Эргээд хариуцлага тооцсон ч буух эзэн, буцах хаягтай хэвлэл мэдээллийн байгууллагууд нь байх учраас аюулгүй байдал, хариуцлага тооцох талаасаа ч хэн хэндээ ашигтай. Явж явж энэ бүхний цаана Монгол гэх эх орны маань тусгаар тогтнол, шударга ёс, хүний эрхийн асуудал ч давхар яригдаад явах юм шүү.
Үүн дээр сэтгүүлзүйн салбарын удирдах бүхий л байгууллага, газар, албан тушаалтнууд нэгдэж, лобби бүлэг байгуулж, аль нэг салбар, чиглэлээ "жийж" үлдээлгүй сонин, телевиз, сайт бүгдээрээ л гадагшаа чиглэсэн валютын урсгалыг дотооддоо, өөрсдөдөө шингээхийн тулд нэгдэж ажиллах цаг тулчихлаа.
Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийн сурталчилгааг гадаадын мэдээллийн хэрэгсэл, платформуудаар сурталчлах тухай энд огт яриагүй шүү. Зөвхөн сонгуулийн сурталчилгааг дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээрээ явуулах тухай ярьж байна.
Дэлхийн улс төр бужигнаж, нөхцөл байдал хүндэрч байгаа энэ үед ядаж улс төрийн сонгуулийн сурталчилгаа, сонгуулийг тойрсон элдэв юмнуудаа дотоодын асуудал гэж үзээд дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээрээ явуулъя л даа.
Фэйсбүүк, Твиттер, Инстаграмаар уруулын будгаа сурталчлах, улс төрийн сонгуулиа сурталчлахын хооронд асар их ялгаа, ялгамжаа бий.
Улс төрийн сонгуулийн сурталчилгаа л биш бол гоо сайхны бүтээгдэхүүнээс эхлүүлээд гутал хувцас, байр сав, машин тэрэг, хоол хүнс гээд рекламдаж, спонсор хийж борлуулж болмоор бусад бүх юм нээлттэй гэсэн санаа. Гол нь улс төрийн сонгуулийн сурталчилгаа хийж байгаа нь энэ гээд доллараа гадагшаа гаргахгүй, дотооддоо шингээх тухай ойлголт. Товчхондоо, төрөө байгуулах ажлын сурталчилгаагаа дотооддоо хийе гэсэн санаа.
Монгол Улсад болж байгаа, ард түмэн нь саналаа өгдөг сонгуулийн сурталчилгаагаа хаа хол гадаадад байгаа танихгүй компанийн данс руу доллар шилжүүлэх замаар явуулах нь тусгаар улс гэдэг утгаараа утгагүй л дээ, яаж ч бодсон. Улс орондоо, дотооддоо болж байгаа сонгууль, түүний сурталчилгааг дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээрээ явуулах нь сонгогчдодоо ч хүртээмжтэй, ойр юм