УИХ-ын гишүүн Ж.Батсуурь олон нийтийн сүлжээнд гараад буй асуудалд тайлбар өглөө.

Тэрбээр "Монгол ардчилсан улс. Ардчилсан улсын амин сүнс хэвлэл мэдээллийн салбар. Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэн бодит, үндэслэлтэй зүйл нийтлэгдэж байх ёстой гэж боддог.

Монголын нийгэм үймээн шуугиантай, УИХ-ын гишүүнийг татна, татахгүй гэсэн ийм үед зохион байгуулалттайгаар намайг гүтгэсэн үйлдэл боллоо.

Баасан гарагийн орой нэр бүхий сайт дээр "Хятад иргэд, зэвсэглэсэн этгээдүүдийг хөлслөн уурхай дээрэмдсэн хэргийн ард УИХ-ын гишүүн Ж.Батсуурь байжээ" гээд огт ямар ч холбогдолгүй зүйлээр гүтгэн доромжилж, мөнгөөр ивээн тэтгэж 300 орчим мянган хүнд тарааж, 5,000 гаруй шэйр хийж, 2,000-аад хүнээр намайг зүхүүлж "дүүжилнэ, ална, устгана" гэсэн байр сууринаас хандсан учир хэвлэлийн хурал хийхээс өөр аргагүй болсон юм.

Сүхбаатар аймагт зэвсэглэсэн этгээдүүд ямар нэгэн үйлдэл хийгээгүй гэдгийг өчигдөр аймгийн цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа мэдээлсэн. "Андын илч" компанийн ТУЗ-ийн дарга ямар нэгэн үйлдэл болоогүй, хамааралгүйг хэлсэн.

"Андын илч" компанийг судалж үзэхэд, 1996 оны үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын долдугаар багийн иргэн, инженер Жамъяангийн Доржсүрэн гэдэг хүн нэг ковш, нэг экскаватортой уг уурхайг нээж байсан. Тухайн үеийн удирдлагууд хилийн цэргийн удирдах газар руу шилжүүлж, энэ хүний уурхайг булаалгасан байдаг юм байна. Энэ хүн өөрөө бараг 20-иод жил шүүх, сэргийлэхээр явсан.

2008-2016 онд намайг Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байхад аймгийн газар нутгийн 70% нь лицензээр олгогдсон байсныг 17% болгож бууруулан ажлаа өгсөн.

Мөн хилийн цэргийн газарт очсон энэ уурхайг судалж үзэхэд, 0119 дүгээр ангийн эзэмшилд байхдаа гадаадын хөрөнгө оруулалтад 51%-ийг зарсан байсан. 49% хувийг 2015 оны долдугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн ИТХ-д өөрийн биеэр авч өгч байсан. Аймгийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа уул уурхайн лицензтэй холбогдож байгаагүй.

Би ажлаа өгснөөс хойш уурхайн хятад хүнтэй уулзаагүй, утсаар яриагүй, чат бичээгүй.

Тиймээс ор үндэсгүй гүтгэлэг хийж, хамаатан садан, нутаг орныхныг талцуулсан, нийгэмд үймэн шуугиан үүсгэсэн үйлдлийг хийж болохгүй гэдгийг хэлэх гэсэн юм" хэмээн ярилаа.