"Фокус" ТББ-ын нэрийг ашиглаж, буруу ташаа мэдээлэл гаргасан талаар тус байгууллагын төлөөлөл өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал зохион байгуулав. 

Тус төрийн бус байгууллагын тэргүүн Б.Туяа "Манай байгууллага нийгмийн эрүүл мэнд, соёлч байдлыг нэвтрүүлэх талаар олон жил үйл ажиллагаа явуулсаар ирсэн. 

2016 оноос хойш тамхины хяналтын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд анхаарч ажиллаж байна. Тамхины хяналтын хуульд янжуур тамхины зохицуулалт орсон байдаг. Харин сүүлийн жилүүдэд залуусын дунд электрон тамхины хэрэглээ ихэссэн тул зохицуулалт хийх хэрэгтэй. Электрон тамхи ямар ч татваргүйгээр ихээр орж байгаа. Иймд хатуу хязгаарлалт тавих нь тамхи үйлдвэрлэгчдийн ашиг орлогод саад болно гэж үзээд бидэн рүү их дайрсан.

Playtime хөгжмийн наадамд Cigarretes after sex гэх хамтлаг ирэх гэж байгаа. Үүнтэй холбогдуулан миний зургийг тавьж, Монголын мянга, мянган ээжийн өмнөөс эсэргүүцэж байна гэсэн хуурамч мэдээлэл тавьсан. 

Би хэзээ ч ийм мэдээлэл тавиагүй. Энэ гүтгэлгийг тамхи үйлдвэрлэгчид хийж байна гэдгийг ойлгоорой. 2001 онд байгуулагдсан манай байгууллага хоёр хоногийн өмнө шинээр хуудас нээх шаардлага байхгүй. Намайг блок хийсэн учраас шинээр оруулсан постуудыг харах боломжгүй байгаа. 

Янжуур тамхи хоргүй гэж би нэг ч удаа хэлж байгаагүй. Манай байгууллага хэзээ ч ийм байр суурьтай байгаагүй. Олон улсын байгууллагын чиглэлээр төсөл хэрэгжүүлдэг.

Тиймээс хуурамч мэдээллийг цааш нь битгий түгээгээрэй" хэмээн ярилаа. 

"Барууны хамтлагууд ямар ч нэртэй байж болно. Түүнийг махчлан орчуулаад олон нийтэд буруу ойлголт төрүүлсэн"

Мөн Фокус ТББ-ын ТУЗ-ийн гишүүн Соёлын гавьяат зүтгэлтэн А.Долгион үүсээд буй асуудлын талаар өөрийн байр сууриа илэрхийлэв. 

Тэрбээр "Хэл ам болоод буй асуудлын цаад утга нь Playtime наадмын эсрэг үйл ажиллагаа явуулаад байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлж байна. 

Би тус наадмын үндэс суурийг тавьсан хүний хувьд эсрэг сурталчилгаа явуулахгүй. Энэхүү явуулж буй үйл ажиллагаа нь цаад утгаараа тамхи үйлдвэрлэгчид рок поп урлагийн наадмын эсрэг зүйл явуулсан гэж үзэж байгаа.

Барууны хамтлагууд ямар ч нэртэй байж болно. Түүний нэрийг махчилж орчуулаад олон нийтэд буруу ойлголт төрүүлсэн" гэв.