shudarga_mn_1402449001_224078f486da0562big

Шинэчлэлийн Засгийн газар боловсон хүчний дутагдалд орж, гадаадад олон зуун мянган доллар төлж боловсрол эзэмшсэн залуус, төрийн мэргэшсэн албан хаагчид өнөөдөр гудамжинд хийх ажилгүй явж байхад гэмт хэрэгт холбогдож, улсынхаа нэрийг сэвтүүлсэн хүмүүсийг өндөр албан тушаалд томилдог болов.

Үүний нэг жишээ нь Тагнуулын Ерөнхий газрын Тэргүүн дэд даргын алба. Энэ албан тушаалтанг Засгийн газраас томилдог. Тэгвэл
удаан хугацаанд эзэнгүй байсан Тагнуулын ерөнхий газрын Тэргүүн дэд даргын албанд АТГ-ын Гүйцэтгэх албаны дарга С.Эрдэнийг томилсон. Гэвч халсан, харин саяхан эргүүлээд томилсон.Тагнуулын байгууллагын тухай хуульд зааснаар төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, сүүлийн таван жил төрийн албанд тасралтгүй ажиллаж байгаа, Монгол Улсын иргэнийг энэ албанд томилж болдог. Гагцхүү ТЕГ-ын дарга нь Ерөнхий сайдтай зөвшилцсөн байх шаардлагатай. Тиймээс Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Тагнуулын Ерөнхий газрын дарга Арвинсан нар С.Эрдэнийг Тагнуулын Ерөнхий газрын тэргүүн дэд даргаар томилж, монголчуудын төдийгүй, гадныхны гайхширлыг төрүүлжээ. Мэргэжлийн тагнуулч гэдэг сайхан тодотголтой С.Эрдэнэ өмнө нь тун таагүй хэрэгт холбогдож байсан гэдгийг энэ удаа Ерөнхий сайд ч, Тагнуулын Ерөнхий газрын дарга ч тооцож үзсэнгүй. С.Эрдэнэ Австри улсад атташегаар ажиллаж байхдаа 2002 оны дипломат эрх ямбаараа халхавчлан ХБНГУ руу хууль бусаар их хэмжээний тамхи нэвтрүүлсэн хэрэгт холбогдож, тус улсад саатуулагдан, хоригдож байсан юм байна. Монгол төрийн алтан аргамжаа болсон дипломат албанд ажиллаж байхдаа улсынхаа нэр хүндийг баастай хутгасан этгээд. Австрийн тусгай албаныхан түүнийг баривчилж, зургаан сар гаруй цагдан хорьж байгаад нутгаасаа хөөн гаргасан гэдгийг тухайн үеийн сонин хэвлэлүүд батлаад өгнө.

ТӨР ЗАСАГ НЬ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН КОНТОРБАНДЧИД…

Энэ томилгоо гадаадынхны анхаарлыг ч татаж байгаа бололтой. Учир нь тамхины хууль бус наймаа хийсэн дипломат пасторттай Элчин сайдын яамныхан улсынхаа нэрийг баахан сэвтүүлж, ял шийтгэл сонсож байгаад хөөгдөж нутагтаа ирдэг. Тэд  Монголд ирээд л өндөр алба хашдаг нь хэнд ч нууц биш. Тэр ч бүү хэл 2000 оноос өмнө олон улсад Монголын данстай тамхины сүлжээ  хүртэл байсан. “Блэк Морган”-ыхан гэдэг нэртэй энэ бүлэг Английн тамхины томоохон  компанийн бүтээгдэхүүнийг Европын орнууд руу зөөдөг, Монголд оруулж ирдэг юм байх. Тэд Польшийн Брестийн хилийн боомтоор хууль бусаар тамхи нэвтрүүлдэг гэдэг мэдээлэл олон улсад аль хэдийнээ цацагдаж, бүр “Загалмайлсан эцэг”-ийг нь хүртэл зарлаж байсан удаатай. Энэхүү хууль бус наймааны гол эзэн нь Болгар дахь Монголын Элчин сайдын зөвлөх асан Д.Шатарбал. Тэрээр  дипломат дугаартай албаны машиндаа 120 кг хар тамхи тээвэрлэж яваад 2005 оны гуравдугаар сарын 23-нд Болгарын тусгай албаныханд баригдан багагүй шуугиан тарьсан билээ. Болгарын хууль, хяналтынхан түүнийг таван сарын турш мөрдсөний эцэст үйлдэл дээр нь баривчиллаа хэмээн мэдэгдэж байв. Тээвэрлэж явсан хар тамхи нь бараг 23 сая ам.долларын үнэ хүрэх эд байсан гээд бодохоор Д.Шатарбал гэгч нь нэлээд “том гар” байсан бололтой. Тэр ч бүү хэл Монголын нэгэн дипломат ажилтны гэргий тамхины наймаа эрхэлдэг дипломатчдын сүлжээг толгойлдог байсан тухай хар мэдээ ч бас байна. Тэд өөрсдийнхөө болоод Вьетнам хамтрагчдынхаа 7.7 сая ширхэг тамхийг Украин, Болгараас Европын холбооны улсууд уруу дипломат эрх ямбаараа бамбай хийн татваргүй нэвтрүүлдэг байжээ. Хууль бус наймаанаас 1.2 сая еврогийн хохирол учирсан гэж гаальчид тогтоосон байна. Энэ сүлжээ Германы Лейпцик хотод төвлөрч, дамлахаар бэлтгэсэн янжуураа багцлан боож дипломат шуудан маягаар өнгөлөн далдалж вьетнамчуудаар дамжуулан Европын холбооны улсууд уруу гаргадаг байсан гэнэ. Анх тэднийг Чехийн гаалийн албаныхан сэжиглэсэн байна. Хэргийн гол эзэн нь Москва дахь ЭСЯ-ны зөвлөхөөр ажиллаж байсан Ганболд түүний эхнэр Сэлэнгэ нар. Энэ жагсаалт тун урт.

Тамхины хэрэгт холбогдсон өндөр албан тушаалтнууд…

 Ц.Цолмон – Гадаад хэргийн дэд сайд асан. ОХУ-д Элчин сайдаар сууж байхдаа (1998- 2001 онд) тамхины наймааг анх зохион байгуулалтад оруулсан хүний нэг гэгддэг. Одоо УИХ-ын гишүүн.
Алтансайхан-ГХЯ-нд дипломат ажилтнаар ажиллаж байхдаа ХБНГУ-д тамхины наймаа эрхэлж байгаад 2001 онд баригдсан.
С.Эрдэнээ-Монгол Улсаас Австри улсад суугаа ЭСЯ-нд атташегаар ажиллаж байсан. Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулууны дотнын анд. ХБНГУ-д тамхины хууль бус наймаа хийсэн хэргээр 2002 онд саатуулагдан, тус улсын хууль хяналтынхан нэг хэсэг хорьж байгаад сулласан. Одоо Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, АТГ-т ажиллаж байсан. Одоо тагнуулын Ерөнхий газрын Тэргүүн дэд дарга.
Баялаг-Эрдэм-Франц дахь Монгол Улсын ЭСЯ-нд атташегаар 2002 онд ажиллаж байхдаа Английн хилээр их хэмжээний тамхи хууль бусаар оруулж байгаад баригдсан.
Баярхүү- Бельги дэх Монгол Улсын ЭСЯ-нд ажиллаж байсан. Англид 2003 онд тамхины наймаа хийж явахад нь саатуулсан.
Цэрэнсодном-Унгарт суугаа ЭСЯ-нд ажиллаж байхдаа тамхины наймааны хэргээр 2003 онд саатуулагдсан..
Д.Шатарбал-БНБУ-д суугаа Монгол Улсын ЭСЯны зөвлөхөөр ажиллаж байхдаа их хэмжээний хар тамхийг дипломат дугаартай машинаараа тээвэрлэж явахад нь тус улсын тусгай албаныхан баривчилсан. Болгарт хорьж байгаад манай талд шилжүүлсэн. Тамхины хууль бус наймаанд холбогдон шүүхээс ял шийтгүүлсэн ганц дипломатч. Шүүхээс түүнд найман жилийн хорих ял ногдуулсан, ял эдэлж байгаад гарсан.
“Болгар” хэмээх Ганболд – Дипломат байгууллагын үйлчилгээ, аж ахуйн газрын орлогч даргаар ажиллаж байсан. БНБУ-д суугаа Элчин сайдын яаманд ажиллаж байхаасаа эхлэн тамхины наймаа хийсэн гэдэг. ОХУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-нд Элчин зөвлөх байхдаа эхнэр Сэлэнгийн хамт тамхины наймаа хийж яваад 2005 онд ХБНГУ-д баривчлагдсан. Энэ хэргээр эхнэр нь нэг хэсэг тус улсад ял эдэлсэн.
Б.Даваадорж-Тамхины хууль бус наймаа хийсэн хэргээр шалгагдаж байсан. “Монгол Улсын Элчин сайдын яамны дипломат дугаартай машинаа алдсан” гэж тухайн үед мэдүүлж байжээ. Хэрэгт холбогдуулан шалгах үед алдсан гээд байсан машин нь гэнэт олдсон. Албаны машинаа тамхины наймаачдад ашиглуулж байсан хэмээн түүнийг сэжиглэдэг. Ийм хэрэгт холбогдсон ч ХБНГУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдаар томилогдож чадсан.
Х.Бэхбат – Женевт Элчин сайдаар сууж байхдаа тамхины хууль бус наймаанд оролцсон хэргээр нэг хэсэг шалгуулсан. Одоо Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд.
Д.Далайжаргал-Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулууны хүн гэгддэг. Түүний туслахаар ажиллаж байгаад дипломат албанд шилжсэн. Энэ албанд хууль бусаар томилогдсон хэмээн хэл аманд өртөж байсан. Франц дахь Монгол Улсын ЭСЯ-нд зөвлөхөөр ажиллаж байхдаа их хэмжээний тамхийг хууль бусаар хил нэвтрүүлсэн хэрэгт холбогдсон. ЮНЕСКО-гийн Монголын үндэсний хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан. БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдож ажиллаж байсан.
Х.Болдбаатар – Беларусийн Брестэд сууж асан Монгол Улсын консул. Польшт тамхины хууль наймаа эрхлэгч Цэвэгмид гэдэг хүнийг шүүхээс батлан даалтаар авч, оргуулсан хэргээр тус улсад саатуулагдсан. Тус улсын Люблин мужийн хууль хяналтын байгууллагаас консул Х.Болдбаатарыг дээрх хууль бус наймаачинтай холбоотой хэмээн сэжиглэж, саатуулж байсан.
Б.Санжмятав-Франц дахь ЭСЯ-ны Элчин зөвлөхийн алба хашиж байсан. Хууль бус наймаа хийсэн хэргээр 2006 онд Польшт шалгагдаж байсан. Францад алба хашиж байхдаа нэг жилийн дотор Европын улсуудаар 150 удаа ямар хэргээр зорчиж байснаа тайлбарлахыг шаарджээ. Тэрбээр “Эхнэрийнхээ хамт биеэ эмчлүүлсэн” гэдэг боловч түүнийгээ нотлох баримт гаргаж өгөөгүй юм.
С.Цоггэрэл-Мэргэжлийн тагнуулч, ТЕГ-ын Гадаад тагнуулын газрын даргаар ажиллаж байгаад дипломат албанд шилжсэн. ОХУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд ажиллаж байхдаа тамхины хэрэгт сэжиглэгдэж байсан ч мултарч Чех улсад Элчин сайдаар томилогдсон.
А.Баатарцогт -Хошууч генерал. ХХЕГ-т ажиллаж байгаад ОХУ-д суугаа ЭСЯнд хилийн төлөөлөгчөөр сууж байсан. Тамхины хэрэгт гардан оролцоогүй ч түүний албан өрөөнд байсан төмөр шүүгээнээс 250 гаруй мянган ам.доллар алдагдсаныг дээрх хууль бус наймааны мөнгө хэмээн сэжиглэж байсан. Энэ хэргийн дараа ОХУ-ын Эрхүү хотод консулаар томилогдсон.
Энхбат -ХБНГУ-д их хэмжээний тамхи авч яваад баригдсан. Дипломат албанд ажилладаггүй хэрнээ дипломат паспорттай явж байсан гэдэг. Эхнэр Нархажид нь тухайн үед Япон дахь ЭСЯ-нд ажиллаж байжээ.
Г.Дашдаваа- БНБУ дахь Монгол Улсын ЭСЯ-нд ажиллаж байсан. Эхнэрийн хамт тамхины наймаа хийсэн хэрэгт сэжиглэгдэж байжээ. Энэ мэтчилэн энэ жагсаалт үргэлжилж байна.
Хууль бус наймаа хийсэн, улсынхаа нэрийг сэвтүүлсэн хүмүүсийг албан тушаалаар өөгшүүлэн шагнадаг гэдгийг энэ жагсаалт батлаад өгнө. Тиймээс гадныхан Монгол улс конторбандчдыг ивээлдээ авдаг гэж ойлгодог гэсэн. Энэ таагүй бодлыг нь Тагнуулын Ерөнхий газрын Тэргүүн дэд даргын томилгоо дахин батлаж өглөө. Харин Монголчууд тамхины наймаанаас олсон асар их хэмжээний бохир мөнгө намуудыг санхүүжүүлэх, албан тушаал худалдаж авахад нь хэрэг болдог гэж хардаж байна. Үүнийг шалгаж, тогтоох газар байхгүй нь даанч хяслантай.