Хятадын нэр бүхий компани монгол ажилтныхаа дансыг ашиглаж, мөнгө угаасан байж болзошгүй хэргийн талаар иргэн Ц.Мөнхцэцэг, Хан-Уул дүүргийн ИХ-ын төлөөлөгч Б.Жагар нар өнөөдөр мэдээлэл өгөв. 

Тодруулбал, ажилчныхаа хувийн дансаар 700 орчим сая төгрөг оруулж гарган, зургаан автомашиныг нэр дээр нь бүртгүүлж, улмаар бусдад шилжүүлсэн байна. Дансыг нь ашигласан энэ асуудлаар иргэн Ц.Мөнхцэцэг цагдаагийн байгууллагад хандсан ч, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Түүнчлэн хятад компанийн зүгээс түүнд дарамт үзүүлж буйг хэллээ. 

"Дансаар маань их хэмжээний мөнгө оруулж, гаргасан асуудлыг цагдаад мэдэгдсэн ч гомдолгүй гэж бич гэсэн"

Энэ талаар иргэн Ц.Мөнхцэцэг "Тухайн компани эхлээд бэлэг дурсгалын компани байсан. Сүүлдээ шатахуун түгээх станцын үнийн самбарын үйлдвэрлэл явуулдаг болсон. Мөн одон медаль зардаг. 

Би энэ компанид 2009 оноос хойш ажилласан бөгөөд долоо хоногт гурван удаа очиж цэвэрлэгээ хийдэг байсан. Улмаар 2015 оны гуравдугаар сараас үндсэн ажилтан нь болсон. Надад ямар нэгэн боловсрол байхгүй, тогоочийн курсэд л сууж байсан. Гэвч намайг 2015 онд компанийнхаа нягтлан бодогчийн албан тушаалд тавьсан.

Би үүсээд буй асуудлыг 2020 оны есдүгээр сараас мэдсэн. Улмаар 2022 оны гуравдугаар сард "Дансны хуулгаа авчир, одоо дансаа хаа" гэж надад тулгаж байсан. Тухайн үед "Дансан дахь бүгдийг бид зохицуулна, чи ганцхан бизнес хийдэг" гэж хэлээрэй гэж тулгасан. Би бизнес байтугай урд хөршид нэг ч хүн танихгүй. Намайг хүнд байдалд оруулсан учраас цагдаад хандсан.

Гэвч хариуцсан цагдаа нь “Гүйцэтгэх захирал нь Солонгос явсан. Хөрөнгө оруулагч нь урд хөршид байна. Танд ч гэсэн төвөгтэй байгаа биз дээ. Гомдолгүй гээд бичээд өгөхгүй юу” гэж хэлсэн. Тухайн үед дээгүүр том албан тушаалтнууд таньдаг юм байна. Би золиос нь болох юм байна гэж айгаад гомдолгүй гээд бичээд өгсөн. Надад ийм хэмжээний хөрөнгө байсан бол өнөөдөр би орон сууцтай, унах унаатай л явах байсан. Гэтэл дансаар маань их хэмжээний мөнгө орж, гарсан гэж Татварын Ерөнхий Газраас намайг шалгаж байна.

759 сая төгрөгийн гүйлгээг миний дансаар оруулж, гаргасан байсан. Энэ их хэмжээний мөнгийг би олж чадахгүй шүү дээ. Анх цагдаад өргөдөл өгснөөс хойш олон удаа намайг дарамталж, сүрдүүлсэн. "Ингэж явсандаа гомдох вий, чи хохирно шүү" гэж мессэж бичсэн баримт нь бий" хэмээн ярилаа. 

"Хятадын хөрөнгө оруулалттай нэр бүхий компани нь Монгол Улсын иргэдийг хууль бус үйлдэлдээ ашиглаж байна"

 

Мөнгө угаасан байж болзошгүй дээрх хэргийг шалгуулах хүсэлтийг цагдаагийн байгууллагад гаргаж буйгаа мэдэгдэж, Хан-Уул дүүргийн ИХ-ын төлөөлөгч Б.Жагар дараах шаардлагыг уншиж танилцууллаа. 

Тэрбээр "Иргэн Ц.Мөнхцэцэг нь хятадын хөрөнгө оруулалттай нэр бүхий компанид 2009 оноос хойш үйлчлэгчээр ажиллаж байсан ба 2015 оноос хойш хятад захирлын өгсөн үүргийн дагуу нягтлан бодогч, касс, нярав зэрэг ажлыг хийсэн байна. Энэ үед Ц.Мөнхцэцэг болон бусад ажилчныхаа хувийн дансаар 700 орчим сая төгрөгийг оруулж, гарган гүйлгээ хийж, зургаан ширхэг автомашиныг Ц.Мөнхцэцэгийн нэр дээр бүртгүүлэн худалдан авч, бас бусдад шилжүүлсэн. Энэ нь мөнгө угаах татвараас зайлсхийх гэмт хэргийн шинжтэй.

Мөн нэр бүхий хятад компани нь үйл ажиллагаандаа ашигладаг химийн хорт бодис болон бусад зүйлийг хил гаалийн хяналтаас гадуур импортолдог тухай хууль бус үйлдэл, хуурамчаар хятад болон монгол тамга үйлдвэрлэдэг зэргийг цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Гэвч 2023 оны гуравдугаар сарын 14-нд түүний өргөдлийг БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс, прокурор хэрэгсэхгүй болгосон тухай мэдэгдсэн байна.

Хятадын хөрөнгө оруулалттай энэ компани нь Монгол Улсын иргэдийг хууль бус үйлдэлдээ ашиглаж байгаа нь эдийн засгийн аюулгүй байдал, Монгол Улсын иргэний амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн тул анхааралдаа авч шалгаж шийдвэрлэнэ үү. Бид нийт 311 ширхэг баримт материалыг хоёр ярианы бичлэг зэргийг цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгч байна" хэмээн уншиж танилцуулав. 

Мөн "Монгол Улсын иргэнийг хятадын хөрөнгө оруулагч компани харанхуйгаар ашиглаж, Монгол Улсын эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд халдаж болзошгүй ноцтой асуудлыг ЦЕГ ажлын хэсэг байгуулаад шалгах хэрэгтэй. Энэ асуудлаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Татварын Ерөнхий Газарт тус тус хандаж байгаа. Одоогоор шалгагдах ёстой хүмүүс нь зугаалаад явж байна. Энгийн иргэн шалгагдаж үлдэж байгаа юм. 

Энэ хүний гол айж байгаа шалтгаан нь охинтойгоо амьдардаг, янз бүрийн байдлаар дарамт шахалт үзүүлж болзошгүй байна" хэмээн ярилаа. 

"Хүсэлтээ өгвөл бид гэрчийг хамгаалалтад авна"

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр "Иргэн Ц.Мөнхцэцэгээс гаргасан өргөдөл, гомдлыг цагдаагийн байгууллага хүлээн авч байна.

Хуульд заасан хугацааны хүрээнд шалгаж, эргээд танилцуулах болно. Хэрэв гэрчид аюултай нөхцөл байдал үүсэх эсвэл тухайн иргэн өөрөө хүсэлтээ өгвөл бид хамгаалалтад авна” гэв.