Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийн талаар УИХ-ын дарга Г.Занданшатар тайлбар өглөө. 

Тэрбээр "Төрийн албаны ёс зүйн тухай хуулийг 2018 онд ажлын хэсэг байгуулж, боловсруулах ажлыг Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан. Ажлын хэсэг Япон, Герман, Канад улсын төрийн албаны ёс зүйн хууль, олон улсын нийтлэг зарчмуудыг нарийвчлан судалж хуулийн төслийг боловсруулсан. 

Ажлын хэсгийн ахлагчаар одоогийн ёс зүйн байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Ц.Сандаг-Очир нар ажиллаж байна. Маргааш анхны хэлэлцүүлэг хийгдэнэ. 

Нэг тогтолцооноос нөгөөд шилжих үед мораль стандартын хэм хэмжээ өөрчлөгддөг. Гэтэл шинэ стандарт бий болоогүй удсан. Хуучин социализмын үеийн ёс зүйн хэм хэмжээ ойлголт, өөрчлөгдсөн, хаягдсан. Үүнтэй хамт хуучин ёс заншлын хуулиар зохицуулагдаг байсан ёс зүйн хэм хэмжээ байхгүй болсон. Гэвч шинэ стандарт бий болоогүй. Хэм хэмжээ хязгаар байх ёстой.

Шилжилтийн үед ардчиллыг юу дуртайгаа хийж болох эрх чөлөө гэж ойлгосноос болж гэр бүл, төр нийгмийн харилцаанд бүх зүйл чөлөөтэй гэдэг нь ямар хэмжээ хязгаар байхгүй юм шиг ойлголт төрж ирсэн. Тиймээс орчин үед бага насны хүүхдүүдээс насанд хүрэгчдэд хүртэл хэм хэмжээ хязгаар ямар байх ёстой вэ гэдэг алдагдсан учраас ёс зүйг хуульчилсны дараа хууль хэрэгжих үндэс болно. Тиймээс төрийн албаны ёс зүйн тухай хуулийг баталж байна. Энэ бол төрийн албан хаагчдын нэр хүндийг өргөх, хамгаалах хууль юм. 

Монгол Улсын хэмжээнд 4,232 төрийн албан байгууллагад төрийн албаны ёс зүйн зөвлөл ажиллах ёстой. Одоогоор 2,691 ёс зүйн зөвлөл ажиллаж байна. Гэтэл нэгдсэн удирдлага, стандарт байхгүй. Танил талаа томилоод явдаг. 

Тиймээс энэ хуулиар төрийн бүх албан байгууллагад ёс зүйн хороог байгуулах ёстой. Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны нэгдсэн нэг стандарт дээр Монгол төр хэм хэмжээ тогтоож ажиллахад чиглэж байна" хэмээн ярилаа.