Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар(ТӨБЗГ)-ын дарга Б.Цэнгэл "Хөтөл Цемент Шохой" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатарын талаар өнөөдөр мэдээлэл өглөө. 

Тэрбээр "ТӨБЗГ-ын Хуулийн хэлтсийн дарга Д.Дэлгэрмаагаар ахлуулсан баг шалгалт хийхээр өнөө өглөө 04:00 цагт Хөтөлийн Цементийн үйлдвэр рүү хөдөлсөн. Л.Наранбаатар захирал сошиалаар ажилладаг.

Тухайн компанийн 30 гаруй ажилтан болон Л.Наранбаатар захирлын өгсөн мэдээлэл хоорондоо зөрж байгаа. Тэгэхээр манайхаас гарсан ажлын хэсгийнхэн хоёр хоног үйлдвэрт ажиллаад мэдээллийн зөрүүтэй байдлыг нягтлах юм.

Хамгийн гол нь үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа эсэхийг шалгах нь чухал. Л.Наранбаатар Үндэсний Аудитын тайлантай санал нийлэхгүй гэсэн. Бид Үндэсний Аудитын Газрын тайланг зөв, буруу эсэхийг нь хэлэлцэх боломжгүй.

Миний бие энэ асуудлыг өчигдөр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд танилцуулсан бөгөөд маргааш өглөө эрт Хөтөлийн Цементийн үйлдвэр рүү явна. Ингээд ирэх долоо хоногт уг асуудлыг албан ёсоор хувьцаа эзэмшигч нарт нь танилцуулж, эцсийн байдлаар шийднэ.

Өмнө нь Л.Наранбаатар захиралд нэг удаа сахилгын шийтгэл ногдуулж, сануулах арга хэмжээ авагдаж байсан. 

  1. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж байгаа газарт тэндээ байнга ажилладаг гүйцэтгэх захирал хэрэгтэй. Алсын зайнаас үйлдвэрлэлээ удирдаж болохгүй. 
  2. Архи дарс уухаараа хэд хоног алга болдог. Ийм удирдлага надад хэрэггүй.

Ер нь бол Л.Наранбаатар захирлын хувьд хууль дүрэм мөрдөх, хэрэгжүүлэх гэсэн ойлголт сул хүн юм билээ. Уул уурхай, эдийн засаг судалдаг хүн. Үйлдвэр удирдаж, төрд ажилласан туршлага хомс" хэмээв. 

"Цемент Шохой" ТӨХК-ийн ажилтнуудаас ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлд албан бичиг ирүүлсэн байна. Үүнд:

  • ТУЗ-ийг яаралтай хуралдуулж, асуудлаа яриач ээ
  • Үндэсний Аудитын газрын дүгнэлт гарсан байхад энэ хүнийг ажиллуулах нь зөв юм уу 
  • Л.Наранбаатар ажлаа хийхгүй байна
  • Биднийг хоёр сая гаруй төгрөгийн цалин авдаг гэдэг ч бодит байдалд тийм биш гэдгийг албан бичигтээ дурджээ.