Философич С.Молор-Эрдэнэтэй ярилцлаа.


-“Молор-Эрдэнэ философийн академи”-ийн үйл ажиллагаа тэлж, философи сонирхогчдын тоо нэмэгдэж байгаа нь яалт ч үгүй нийгмийн үзэгдэл болж байна. Таны лекцийг сонсдог, философи сонирхдог, таныг дагадаг хүмүүсийн хүрээлэл бий болчихлоо шүү?

-Философи нь хувь хүнийг өөрөө сайн бодох ёстой гэдэг. Бодохгүй бол дагаад ер хэрэггүй. Өөрөө бие дааж бодож, суралцаж, энэ бичсэн номуудыг уншихгүй бол зүгээр хий хоосон фендэж дагаж давхих бол философийн ажил биш. Философи шашин биш, мухар сүсэг биш. Улс төрийн байгууллага ч биш. Мөнгөний төлөөх компани ч биш. Тийм учраас философийг дагана гэдэг бол утгагүй. Дагана гэвэл дэмий, холхон байсан нь дээр. Юм боддог, юм уншдаг, сүрхий хүмүүс л философи руу ирдэг л дээ. Дээр үед сэхээтэн гэж ярьдаг байсан. Ер нь сэхээтэнлэг хүмүүс философи руу ирнэ. Гэхдээ сэхээтэн байхгүй өнөөдрийн Монгол шиг оронд философи сонирхогч, философийг ойлгодог хүмүүсийн тоо мэдээж хязгаартай. Сүүлийн 10 жилд л философийг оруулж ирлээ шүү дээ. Анх намайг философи ярихад “Энэ солиотой юм уу, гадны хүн юм уу, философи гэж юу яриад байдаг юм, философиор ер нь яадаг юм, энэ чинь нөгөө гүн ухаан биз дээ” гэсэн.

-Яг тэгсэн л дээ?

-Тэр байтугай МУИС-ийн философийн гэгддэг профессорууд нь хүртэл миний ярьж хэлж байгааг ойлгохгүй инээдэмтэй юм боллоо шүү дээ. Монгол Улс 10 жилийн өмнө хөөрхийлөлтэй байлаа шүү дээ. Өнөөдөр аятайхан болчихож. Энд тэнд хүмүүс философи яриад. Уул уурхайн философи гэж ярьдаг болчихож. Мөнгөний, банкны, санхүүгийн философи гэж ярьдаг болчихсон байна. Хаа л бол хаана философичдоор дүүрэн болчихож, Монгол Улс. Энэ чинь яахав дээ угаасаа малчин, хүн төрөлхтний түүхэнд сүүлд орж ирсэн, өөрийн гэсэн түүх, өөрийн гэсэн философи байхгүй, өөрийн гэсэн оюуны намтар байхгүй ийм ард түмэн гаднаас шинэ сонин юм орж ирэхэд ингэж хуйлран дагадаг л даа. Өөрийн гэсэн юмтай ард түмэн хүлээж авангуутаа шүүмжтэй нүдээр хараад тэрэнд үнэлэлт дүгнэлт өгөөд “Манайд энэ нь хэрэгтэй, энэ хэрэггүй” гэдэг. Бид оюуны тийм өндөр түвшинд очоогүй учраас хэцүү.

Хятад, Япон, Солонгос гэдэг юм уу, Азийн бусад ард түмэн бол өөрийн гэсэн оюунлаг сэхээтэнлэг хүмүүстэй учраас гаднаас буддизм юм уу, барууны философи юм уу, юу ч юм орж ирэхэд тэрэнд үнэлэлт дүгнэлт өгөөд авахыг нь аваад, хаяхыг нь хаяад хэрэгтэйг нь авч, хэрэггүйгээс нь зай барих ёстой юм байна гээд явчихдаг. Манайд тийм юм байхгүй. Бид аваад шууд л ам руугаа хийчихдэг хүмүүс. 10 жилийн өмнөөс бид арай өөр болсон. Тэрийг би яах ч аргагүй хийсэн. Өнөөдөр философи гэхээр ойлгодог боллоо, ярих гэдэг боллоо, дуугардаг боллоо. МУИС-ийн Философийн тэнхим оюутнуудаар дүүрчихлээ. Над дээр философи сонсъё, лекцэнд сууя гэдэг хүмүүс жил болгон л гараад ирдэг. Би лам багш биш. Хүнд багшлах дургүй. Ер нь дагагчдад дургүй. Бүр шавьтай болох ч дургүй. Тэгж явцуурч болохгүй юм байгаа юм. Тодорхой нэг хүн миний сүүдэрт явж болохгүй. Миний сүүдрээс гарах ёстой.

-Хэн нэгний сүүдэрт байх дуртай, нэг нэгнийхээ нөмөр нөөлөг, дэмжлэгт найддаг хүмүүс шүү дээ, монголчууд. Сүүдрээс гар гэхээр эмзэглэж хүлээж авах байх даа?

-Монголчууд хөөрхий малчин ард түмэн. Аавыгаа их шүтдэг. Уул нь аавыгаа шүтэж болохгүй юм байгаа юм.

-Юу?

-Аавынхаа сүүдрээс гарах ёстой. Аавыгаа давах ёстой. Тэгж байж хөгжил явагдана. Тэгэхгүй аавынхаа сүүдэрт аавыгаа шүтэн бишрээд аавыгаа гайхуулаад, ааваараа гоёод яваад байвал тэнд ямар ч хөгжил явагдахгүй. Ёстой нөгөө уламжлалт ёс, зан заншил юу байдаг юм тэр юмнууд нь тэндээ бугшаад л, хөгжихгүй. Шаврын орчин л үүсэх байх. Тэр шавраас гарах хэрэгтэй.

-Та дахиад л хүмүүсийн дургүйг хүргэхээр юм ярьчихлаа?

-Философи бол шоконд оруулна.

-Тийм байна?

-Яг урлагтай адилхан. Урлаг шоконд оруулдаг. Уран зураг хараад шоконд ордог шүү дээ. Заримыг нь ураад хаячихмаар санагддаг биз дээ. Драмын жүжиг үзэж байгаад дургүй хүрээд хаяад гардаг. Тэрэнтэй адил философич хүн хэлнэ. Хоёрдугаарт, философич хүн үнэний эрэлд явдаг. Насан туршдаа, үхэн үхтлээ үнэнийг хайсаар байгаад дуусдаг. Энүүгээр дэлхийн бүх том философичид байна шүү дээ (Хананд өлгөсөн философичдын хөрөг зургууд руу заав.сурв) Үнэний төлөө явсаар байгаад дууссан. Буддагаас эхлүүлээд Арабын Ал Фараби, Энэтхэгийн Махатма Ганди, Хятадын, Персийн, Оросын, Германы философичид хүртэл байна. Маркс, Ломоносов, Лениний зураг хүртэл байна. Энэ бүгд үнэний л төлөө явсан. Үнэнийг бүтээх гэж оролдсон. Философи ийм л байдаг. Миний амьдрал үнэний төлөө, үхэн үхтлээ үнэнийг хайна. Үнэн рүү ойртоно. Би үнэнийг мэдэхгүйдээ, үнэнийг хүлээж аваагүй, үнэнийг ойлгоогүйдээ биш шүү дээ. Би хамгийн их үнэнд ойртсон хүн байхгүй юу, Монгол Улсад (инээв).

-Би аавынхаа үргэлжлэл, аавынхаа мэргэжлийг өвлөх ёстой гэцгээдэг. Аав, өвөө нь ч үр хүүхдүүддээ мэргэжлээ өвлөхийг тулгадаг?

-Наадах чинь тэнэглэл.

-Нэг мэргэжлийг үе удмаараа заавал эзэмших ёстой юу?

-Жишээ нь, Хөгжим, бүжгийн сургуульд өвөөгөө, аавыгаа залгамжилсан хөгжимчид гээд байдаг даа.

-Байдаг.

-Бүр хамаатан саднаараа. Бас хуулийн мэргэжлийнхэн байна.

-Улс төрд бүр утгаа алдлаа. Улс төрийн удмууд гараад ирлээ?

-Энэ бол хөөрхий аавынхаа сүүдрээс гараагүй л бацаанууд. Үргэлж гэнэн бацаанаараа явсаар дуусна. Тэрнийхээ оронд аавыгаа даваад аавыгаа ардаа орхих ёстой. Аавыгаа тоохоо болих ёстой. Аавыгаа шүүмжлээд будаа болгох ёстой.

-Ээжүүдэд ч энэ бас хамаатай юу?

-Охид ч тэр. Ээжийгээ шүүмжлэх ёстой, ээжтэйгээ хэрэлдэх ёстой, ээжтэйгээ муудалцах ёстой. Хаалга саваад гараад явах ёстой. Тэгж байж хүн болно. Тэгж байж хөгжил явагдана. Тэгэхгүй худлаа ээждээ хайртай, хөөрхий ээж минь гэж алиалахаа болих хэрэгтэй.

-Ингэж ярихаар монголчуудын психологийн асуудал яригдана л даа?

-Сурган хүмүүжлийн түүх байхгүй. Сурган хүмүүжлийн намтар байхгүй малчин ард түмэн хүүхдийн психологийг ойлгохгүй байсаар байгаад тэр хүүхдийн сэтгэлд, дотор нь зоогдож, хоргодож явсаар ёроолд нь очоод 40, 50 нас хүрдэг. Тэрийгээ тэгээд ойлгохчоо аядаж байтал 60 нас хүрээд хорт хавдраар үхдэг. Бид ийм өрөвдөлтэй, жижигхэн түүхтэй, жижигхэн ойлголт, жижигхэн тайлбартай, жижигхэн гаргалгаатай ард түмэн. Бид маш жижиг түвшинд явж байгаа. Манай боловсрол ч тэр, сурган хүмүүжил ч тэр, улс төр, шинжлэх ухаан гээд бүх салбар жижиг түвшинд. Томорч чадаагүй. Яагаад вэ гэвэл аавынхаа сүүдрээс гарч чаддаггүй учраас. Эсгий гэрээсээ салж чаддаггүй учраас. Гэрийн амьдралаас салж чаддаггүй учраас. Манайханд нэг буруу ойлголт яваад байдаг. Махатма Гандигийн хэлсэн үгийг буруу тайлбарласаар ирсэн. Ер нь зүйр цэцэн үгсийг буруу орчуулж, тайлбарлаж, хэлдэг. Дандаа алдаатай хэлдэг.

-Ямар үгс вэ?

-Махатма Ганди “Хэрвээ энэ хорвоо дээр хамгийн сайн сурган хүмүүжил гэж байдаг бол гэрээс байх ёстой” гэсэн байхгүй юу. Манайхан бол “Хамгийн сайн сурган хүмүүжил бол гэрийн сурган хүмүүжил” гээд мушгичихсан яваа. Тэр бол том алдаа. ...хэрвээ байдаг бол...хамгийн төгс сурган хүмүүжил гэрт байх ёстой юм аа...даанч тэр нь байхгүй, боломжгүй. Тэгж хэлсэн юм.

Хятадын “Төрийн төлөө оготно ч турж үхэх ёстой” гэсэн үг бий.

-Манайхан бүр эсрэгээр нь хэлдэг юм биш үү?

-Ийм л ард түмэн байхгүй юу. Манайхан бүх зүйр цэцэн үгс, сургаалыг мушгичихсан.

-Гэрийн сурган хүмүүжил гэснээс социализмын үед айлууд олон ч хүүхэдтэй байж. Аав ээж нь хүүхдээ өсгөх ч завгүй. Ах, эгч нь дүү нарыгаа өсгөөд явчихдаг. Зөнгөөрөө л шахам өсөцгөөдөг байж. Хөдөө бол мал дагаад л хүн болдог?

-Хөдөө бол тэртээ тэргүй саальчин, адуучин анги л бэлдэж байгаа шүү дээ. Сүүлд, 1921 оноос л улс шиг улс болж, төртэй, хуультай, сургуультай, эмнэлэгтэй боллоо шүү дээ. Улаанбаатар хотыг Орос, Хятад хоёр л босгосон шүү дээ. Монгол хүн байшин барьж чадахгүй шүү дээ. Тийм учраас бэлэн сайхан амьдрал бидэнд өгөгдчихсөн, үүндээ яахаа мэдэхээ байчихсан л ард түмэн байхгүй юу. Социализмын үед эмнэлэг сайн учраас мэндэлсэн хүүхэд болгон хүн болоод байсан. Социализмаас өмнө 10 хүүхэд гарахад гурав нь, 20 хүүхэд гарахад долоо нь ч юм уу үлддэг байсан. Эмнэлэг, анагаах ухаан байхгүй юм чинь аргагүй. Улаанбаатарт мэргэжилтэй болох гээд ороод ирсэн хөдөөний эрэгтэй, эмэгтэй хоёр гэнэт таван хүүхэдтэй болоод хоёр өрөө байранд яахаа мэдэхгүй толгой нь эргэсэн байхгүй юу. Төлөвлөөгүй, тооцоолоогүй юм болчихож байгаа юм. Тэрийг Монгол Улс мэдэхгүй шүү дээ.

1948 оноос хойш л манай улс Монгол Улс болсон. Сталин, Мао хоёр Монгол Улсыг биеэ даасан тусгаар тогтносон улс болгоё гээд тохирсон байхгүй юу. Тэрнээс бидний гавьяа ч биш. Чингис бидэнд энэ газрыг өгсөн, Бурхан гуйсан ч өгөхгүй гэж юу гэсэн үг вэ. Газар дэлхийг Бурхан бүтээсэн гэдэг биз дээ. Бүтээгчээс нь харамлаж болохгүй биз дээ (инээв). Гэх мэтчилэн бид инээдэмтэй, өрөвдөлтэй зүйр цэцэн үг хэлдэг байхгүй юу. Энэ газар нутаг чинь энэ хоёр хөршийн гавьяа болохоос биш бидний гавьяа биш. Бид малаа хариулаад л, айргаа уугаад л, зодоон хийгээд л байж байсан. Манжуудын адууг хулгайлж баригдаад л. Хулгайч нарыгаа сайн эр гэж яриад л. Өөр юм байхгүй. Манжид 300 жил дарлагдсан гээд байгаа. Яг эцсийн бүлэгт харахад тэднээс л торго дурдан авч гоёж байсан юм байна шүү дээ, тэднээс л хамрын тамхиа авч байсан байна шүү дээ. Хятадтай бол бид нэг их ойртоогүй юм билээ шүү. Цагаан хэрэмний цаана Жунгуо гэж орон хөгжөөд биднийг тоохгүй байсан юм билээ. Бид чинь манжуудтай л зууралдаж байсан юм билээ шүү.

-Тийм юм билээ?

-Гоминдань энэ тэр чинь одоогийн Тайвань байхгүй юу. Их Хятад орон бол биднийг ерөөсөө тоогоогүй юм билээ. Авч хэлцэх ч үгүй юм билээ (инээв). Бид л “Муусайн хятадууд. Хятадууд л биднийг тэгж байсан” гээд байдаг. Үгүй байхгүй юу. Учрыг ерөөсөө ойлгохгүй байна. Бидний түүх шал худлаа яваад байна шүү дээ. Эцсийн эцэст бид түүхийн залилан хийж байна. Хүн төрөлхтний өмнө ингэж худал түүх зохиож болохгүй. Нэг л их баатар байсан юм шиг, нэг л их төртэй байсан юм шиг, нэг л их улс орон, зохион байгуулалттай байсан юм шиг. Ингэж болохгүй. Худлаа түүх зохиож, баатрууд, ийшээ тийшээ давхиж эзэлж байсан гэсэн зураг зурж болохгүй. Ингэж түүхийн залилан хийгээд байгаа байхгүй юу. Хэзээ нэгэн цагт энэ ил гарна, ичгэвтэр юм болно. Монгол гэдэг ард түмэн, монгол гэж хэл ч байхгүй. Монгол гэдэг тогтчихсон түүхийн ард түмэн байхгүй. Энэ орон бол баруун, зүүн, урд, хойд зүгээс нүүж ирсэн нүүдэлчин ард түмнүүдийн холимог. Бид холимог. Бид манж, буриад, өвөр монгол, уйгаржин, шинжаан, казах, халимаг, ойрадоос гаралтай янз бүрийн ард түмэн. Тэрийг чинь 1948 оноос эхэлж энд бүгдийг Монгол Улс болгоод барьчихсан. Тэгээд хилээ хаачихсан чинь урдуур тэнэж явсан өвөр монголчууд харьж чадахаа болиод, өвөр монголоор явж байсан хүмүүс нь нааш орж ирж чадахаа байгаад, буриадаар тэнэж явсан хүмүүс нь орж ирж чадахаа болиод энд явж байсан буриадууд нь эндээ үлдчихсэн. 1948 онд биднийг зохион байгуулалттай, хүчээр нэг улс болгосон. Хоорондоо аймгархаад хоорондоо наадмаар үзэлцээд байдаг чинь 1948 оны л юм яваад байна.

-Та “Монголын эргэн тойрон философи” гэсэн лекц уншдаг. Тэр лекцүүд дээр эдгээрийг ярьдаг байх аа?

-“Монголын эргэн тойрон философи” дээр Энэтхэг, Төвөд, Казах, Төв Ази, Хоризм гээд бүгдийг уншиж байгаа. Энэ хагас сайнд (энэ сарын 22-нд. сурв) Солонгосын философи уншина. Энэ дундаас чинь би Монголыг босгож ирж байна шүү дээ. Тэгэхээр бид ямар философитой байх юм

.

-Та л хэлэх байх даа?

-Ийм их холимог ард түмэн. Та бид хоёрын амнаас гарч байгаа энэ үг болгон нэг бол манж, нэг бол төвөд үг, эсвэл ихэнх нь түрэг гаралтай үгс, Хөх Турк гаралтай үгс, татар үг бас байгаа. Цэвэр монгол үг байхгүй. Тэр холимгууд явж байгаа. Даваа, мягмар, лхагва, пүрэв гээд долоон гаригийн нэршил чинь л гэхэд төвөд үг байх жишээний. Нэг, хоёр, гурав, дөрөв гэж тоолоод эхэлбэл энэ чинь манж үгс болоод явчихна. Хонь ямаа гэвэл манж, халбага, сэрээ, таваг болоод явчихвал казах, чөдөр ногт гэвэл бас казах, Хөвсгөл нуур, Хяргас нуур, Байгаль, Сэлэнгэ, Дархан гэдэг нэрс бас энд тэндхийн үгс. Ямар нэг үг бидний амнаас гарлаа “Аа, наадах чинь тэндхийн үг” гэдэг. Боорцог гэвэл киргиз үг болчихно. Өрөм Төвөд үг. Энэ чинь нэг талдаа маш гоё байхгүй юу. Япон шиг ч юм уу ганц ард түмэн биш байхгүй юу. Янз бүрийн нөхөд орж ирж энд холилдсон.

-Тэгвэл энэ том холимог, гоё юмыг нэгтгэвэл жинхэнэ шижир болох биш үү. Нэгдмэл болгоод нэг том оюун санаа гаргаж ирэх боломжтой юу?

-Тэрийгээ бид философиор л гаргаж ирэх ёстой

Үргэлжлэл бий