Ялалтын баярыг угтан, Дэлхийн хоёрдугаар дайнд оролцсон ахмад дайчдыг алдаршуулах, тэдний алдар гавьяаг дурсах зорилготой зохион байгууллагддаг “Мөнхөд дурсагдах дайчид” жагсаал өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулагдсан билээ.

Тэгвэл уг жагсаалыг Монгол Улсын Засгийн газар тэр дундаа Батлан хамгаалах яам дэмжиж оролцсон гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тархаад байв. Энэ талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраас тодрууллаа.

-Амралтын өдөр болсон жагсаалыг Батлан хамгаалах яам дэмжиж оролцсон гэх мэдээлэл тархлаа. Нэг үгээр хэлбэл, дайныг дэмжигч боллоо гэсэн мэдээлэлд тайлбар өгөөч?

-Дайнд амь үрэгдсэн дайчдын алдрыг мөнхжүүлэх зорилготой олон нийтийн байгууллагын төлөөллөөс тавдугаар сарын 04-ны өдөр Батлан хамгаалах яаманд хүсэлт ирүүлсэн. Уг албан бичигт “Бид дайнд амь үрэгдсэн дайчдын дурсгалыг хүндэтгэх гэж байна. Энд танай яам болон харьяа байгууллага дэмжлэг үзүүлж, хөгжим бусад зүйлсээр дэмжлэг үзүүлээч” гэсэн байсан. Дэлхий дахины улс төрийн болон цэрэг дайны нөхцөл байдал амаргүй, хүнд сорилтын дунд дэлхий нийтээр амьдарч буй, тэр тусмаа хойд хөрш улс дайн байлдаантай цаг үед ийм жагсаал цуглааныг олон нийтийн байгууллагатай хамтарч зохион байгуулах нь зохимжгүй үйлдэл гэж үзээд бид татгалзсан.

Энэ арга хэмжээнд Батлан хамгаалах яам болон Засгийн газраас ямар нэг оролцоо байхгүй. Харин энэ сарын 7-ны өдөр “Новороссия андууд” ТББ-аас уг жагсаалыг зохион байгуулсан юм билээ. Офицеруудын ордны үүдэнд хүмүүсээ цуглуулж жагссан байна лээ.

Тус жагсаалд бэлтгэл чөлөөнд байгаа, олон нийтийн байгууллагад харьяалагддаг офицер, ахлагч нар цөөн тоогоор оролцсон гэх мэдээлэл авсан. Энэ бол төрийн үйл ажиллагаа огт биш ээ. Төрийн бус байгууллагын гишүүнчлэлтэй, цэргийн зарим албан хаагч нар оролцсон гэдгийг тодруулъя.

-Монгол Улсын төрд ажиллаж байсан нөлөө бүхий зарим хүмүүсийн зүгээс Батлан хамгаалах яам дэмжиж оролцлоо гэж жиргэсэн байсан шүү дээ?

-Аливаа асуудлыг туйлшруулах, талцал хуваагдал бий болгох, эсвэл хэт нэг талыг барих нь маш эмзэг зүйл. Ялангуяа гадаад харилцаа, аюулгүй байдлын нөхцөл байдал амаргүй сорилттой тулгарч буй энэ цаг үед ард иргэд маань ийм асуудалд болгоомжтой, бас мэдрэмжтэй хандаасай гэж хүсэж байна. Зарим нэр нөлөө бүхий олны танил хүмүүс ч Батлан хамгаалах яам оролцсон гэх мэтээр ташаа мэдээлэл тараалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч нь гадаад айлчлалд яваад эзгүй үед Засгийн газар, Батлан хамгаалах яам нь ийм жагсаал хийлээ гэх мэтээр мушгин гуйвууллаа. Энэ бол маш зохимжгүй үйлдэл. Хоёр улсын тухайд найрамдалт, дипломат харилцаатай. Жил бүр тавдугаар сарын 09-ны өдөр ойртохоор л ийм мэдээлэл гарч, талцал хуваагдлыг бий болгох юм. Батлан хамгаалах яамнаас Ялалтын баяртай холбоотой асуудалд дипломат харилцааны бодлогоо л баримтална. Дур мэдэн санаа таамгаар асуудал дэвшүүлж, төрийн бодлогод нөлөөлөхийг оролдож буй нь зохисгүй байна.

-Жил бүхэн болдог энэ жагсаалыг яагаад сүүлийн үед улстөржүүлэх болов. Шалтгаан юу байна вэ. Зэвсэгт хүчний жанжин штабын үлээвэр найрал хөгжмийн бие бүрэлдэхүүн хүртэл оролцсон гээд байгаа шүү дээ?

-Зэвсэгт хүчний анги салбарт байгаа цэргийн хөгжим, бие бүрэлдэхүүн оролцоогүй ээ. Тэнд цөөхөн энгийн хувцастай, үлээвэр хөгжимчид байсан юм билээ. Ер нь өнгөрсөн оны Орос-Украины нөхцөл байдлаас өмнө иймэрхүү арга хэмжээ хоёр улсын найрамдалт харилцааны, дипломат ёс жаяг талаасаа чухал арга хэмжээ байлаа.

Яг өнөөдөр бол хоёр улсын хооронд дайн байлдаан өрнөж, цэргийн ажиллагаа явагдаж буй энэ цаг үед иргэд, олон нийтийн байгууллага нь цэрэг дайны асуудал, тэр тусмаа Монгол Улсынхаа үндэсний аюулгүй байдлын асуудалд маш ухаалаг хандмаар байна. Сэтгэл хөөрлөөр аль нэг улсын далбааг авч гарч жагссандаа, Украины дайныг эсэргүүцэгч, Оросын далбааг барьж жагссан нь дайныг дэмжигч болоод байгаа юм биш ээ. Энэ бол хүмүүсийн үзэл бодол, эрх эрх чөлөөг буруугаар ашиглаж, мушгиж буй л хэрэг. Сошиал орчин бол Монгол Улсад маш эмзэг байгаа учраас төрийн байгууллагын зүгээс албан ёсоор тайлбар хийе гэж шийдлээ.

-Маргааш Ялалтын баярыг ямар байдлаар хийхээр төлөвлөсөн бэ?

-Уламжлал ёсоор цэцэг өргөх ажлыг зохион байгуулна. Аугаа эх орны дайны ялалт буюу Дэлхийн хоёрдугаар дайнд хүн төрөлхтөн ялсны баярын өдөр. Энэ баярыг олон улс орон тэмдэглэж буйн адилаар Монгол Улс цэцэг өргөх хэмжээнд тэмдэглэнэ.

-Та хууль хяналтын байгууллагад хандах уу?

-Төрийн байгууллагын нэр хүндэд цаашдаа зохион байгуулалттай хандсаар байвал хуулийн байгууллагад хандаж, асуудлыг шалгуулна гэж бодож байгаа.

ЭХ СУРВАЛЖ: dardas.mn