Хамгийн ѳндѳр мэдлэгтэй, хамгийн зѳв сэтгэлтэй, хамгийн сайн шийдвэр гаргах чадвартай хүмүүсийг улстѳрд сонгож байгаа гэсэн итгэл нь хамгийн увайгүй, хамгийн ёс зүйгүй, хамгийн зальтай хүмүүс бол улстѳрчид юм гэсэн зэвүүцлээр солигдох хүртэл бид 30 гаруй жилийг туулжээ. Ямар ч сайн хүн улстѳрд ороод “новш” болж буй жишээг мэдрэх бүрдээ гайхаад л ѳнгѳрцгѳѳсѳн. Одоо илчлэгдэж буй “Хѳгжлийн Банкны луйвар” болон “Нүүрсний хулгай”, “ЖДҮ Сангийн луйвар”, “Боловсролын Зээлийн Сан” зэрэг улстѳрчдийн оролцоотой олон луйвар завшилын хэргүүдийг мэдэх хэрээр “арай ч дээ, ийм байж болно гэж үү?” ѳѳрийн эрхгүй дуу алдацгаана. Монголын улстѳр бизнес болон хувирсан түүх бараг л 30 гаруй жилийн тэртээгээс эхэлсэн. Одоо ажаад дүгнэхэд:

 

*”ЮМ ҮЗЭЭГҮЙ ДЭМБЭРЭЛҮҮД” ба “ЯЛАА ЯАЖ ЗААН БОЛСОН” бэ?

 

-Улс тѳрд орсон хүмүүс энгийн иргэд мэдэх боломжгүй маш олон мэдээллүүдийг мэдэх боломжтой. Тѳсвийн болон тендэрийн, элдэв сангийн болон олон улсын тѳсѳл хѳтѳлбѳр зэрэг мэдээллүүд. “Юм үзээгүй Дэмбэрэлүүд” энэ мэдээллүүдийг улс орны хѳгжилд бус, ѳѳрѳѳ баяжих боломж болгох “адбиш шунал”-даа хѳтлѳгдѳнѳ. Түүний эрх мэдэлд зусардаж хүслийг нь биелүүлэх, хожим ѳѳртѳѳ ашиглах тэнэгүүд олдоно. Тэгээд л эхэлнэ дээ.

 

-Mэдээж тэр ганцаараа шуналтай биш болохоор бусад шуналтнууд нь анзаарч барьцалгүй яахав. Эхэндээ намын гишүүдээрээ хамсч байсан боловч сүүлдээ нам хамаагүй болсон шүү дээ. Арчаагүй тэдний толгойд “Дахиад сонгогдоо ч уу? үгүй ч үү? Боломж олдсон дээр ядаж хувийн амьдралаа ѳѳд татаад амжья” гэсэн бодол дараатай. Нэгэнт хамсаад эхэлсэн хойно хэн ч “шударга” байх боломжгүй. Шунал барагдах биш, улам шунахын хэрээр бухан бярууны “дүүрсэн хэрэг дүрээд л үхье” гэдэг үлгэрийн жишээ болно

 

-“Шунал ихдэж шулам болох”-ын хэрээр тэд “амташсан хэрээ арван гурав дахина”. Хулгай лүйвар томрохын хэрээр тэд эргэж буцах ямар ч алхамгүй болно. Хааяа даа хүн чанар нь зулгаадаг л байх. Харин тэд “Их идсэн ч ѳмхий, бага идсэн ч ѳмхий” хэмээн шулуудаж ёс зүй болон шударга ёсны үнэлэмж ч үгүй болно. Ѳѳрѳѳс нь илүү идсэн нэгэнд зэвүүцэх авч ѳѳрѳѳ адилхан хулгайч болохоор “хэрээ хэрээнийхээ харыг гайхаж” боломгүй. Тэгээд л хулгайтайгаа болон хувь заяатайгаа эвлэрнэ дээ.

 

*СОНГУУЛЬ БОЛ УЛСТѲРИЙН БАРЬЦАА

 

-Улстѳрд орж болох арга зам нь улстѳрийн намуудаар дамжин сонгуульд ялах. Хууль бус аргаар ч болов мѳнгѳтэй болсон хүмүүс дахиад улстѳрд орж улам их мѳнгѳ олох хүслээ намдаа их хэмжээний мѳнгийг авилга байдлаар ѳгч сонгуульд нэр дэвших эрх авах байдлаар гүйцэлдүүлнэ. Нам нь нэр дэвшүүлсэн бол сонгуульд олон санал авч ялахын тулд сонгогчдыг мѳнгѳѳр авилгалдана. “Сонгуульд хэн ч ялсан надад ямар хамаа байнаа” гэсэн бодолтой иргэд “маргаашийн ѳѳхнѳѳс ѳнѳѳдрийн уушги дээр” гэж мѳнгѳ ѳгсѳнд нь саналаа ѳгнѳ

 

-Мѳнгѳ ѳгч сонгуульд ялсан гишүүддээ нам нь улам илүү ач холбогдол ѳгдѳг. Шударга байдлаас намын нэр хүнд чухал учраас тэр л дээ. Нѳхдүүд улам туршлагажсаар нам дотроо “даам” гарч эхэлнэ. Тэдэнд зѳвхѳн гишүүн байх нь хангалтгүй болохоор сайд болохыг санаархана.

 

Намдаа мѳнгѳ их ѳгсѳн болохоор намын удирдлагуудаа шантаажилна. Тэд сонгогдсон тойрогтоо их хэмжээний тѳсѳв батлуулан, бүтээн байгуулалтын мѳнгѳнѳѳс нь хулгайлна. Тѳсвийн санхүүжилтээр хийгдсэн ажлыг ѳѳрѳѳ “эрийн сайн” даа хийсэн мэт ойлгуулж, ахмадуудад гурил будаахан тарааж тойргоо “усална”. Дараагийн сонгуулийн ялалтад хэрэгтэй болохоор нам нь яаж ч чадахгүй

 

-Гишүүдийн хууль бус үйлдэл даамжирсаар үүнийгээ ѳргѳжүүлэхийн тулд бүлэглэл болон нэгдэж, хуулийн хүрээнд хамгаалахын тулд хуулиудын заалтыг ѳѳрсѳддѳѳ ашигтай байдлаар оруулж батлуулах шаардлага бий болжээ. Хуулийн лобби “кнопны наймаа” гаар хэрэгжинэ. “Хэрвээ бидний оруулсан хуулийн заалтыг дэмжиж кноп дарвал бид чиний батлуулах хуулийн заалтыг дэмжиж кноп дарна” гэдэг зарчмаар олон хуулиуд батлагдсан. Ѳдгѳѳ тэднийг буруутгаж чадахгүй байгаа олон шалтгаануудын нэг нь энэ. Зарим тохиолдолд нам нь ийм боломж руу “наймаалцах” явдал гардаг

 

*ЁС ЗҮЙГҮЙ ШУНАЛЫН ТУЛАМНУУД

 

-Сонгогчид нь “амьгүй албат” мэт байхаар тэд “даварсаар даварсаар Дагвын орон дээр гардаг”. Тэд яг жинхэнээсээ сонгогчид болон иргэдийг “тэнэг” гэж боддог. Ядаж байхад бидний зусар зантайг хэлэх үү? Тэнэг юм ярьсан ч бид алгаа ташина, “та нээрээ бүх юмыг мэддэг ухаантай” гэж хѳѳргѳнѳ, мунхаг шийдвэрийг нь ч биелүүлэх гэж арчаагүйднэ. Одоо л бид “хаан нүцгэн байна шүү дээ” гэж шогшроод байгаа болохоос тэд аль хэдийн “нүцгэлчихсэн” яваа шүү дээ. Тэднийг бид ийм болгосон гэдгээ одоо хэр ухаарч зѳвшѳѳрѳхгүй л явна

 

-Уг нь тэд хууль боловсруулан батлуулах үүрэгтэй боловч бид тэднийг хѳѳргѳсѳѳр бүх зүйлд оролцуулж, бүх асуудлаа шийдүүлдэг болчихсон. Аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн аймгийн засаг даргыг сонгоход нѳлѳѳлж, аймгийн засаг дарга нь сумуудын засаг даргыг нѳлѳѳлж сонгоно.

 

Яамны сайд болсон хүн баг бүрдүүлэх нэрээр ѳѳрийн үгнээс гардаггүй гүйцэтгэгчидээ албан тушаалд томилно. Ийм байдлаар “Амьгүй албат”-ын бүтэн сүрэг бий болжээ. Үр дүн нь улстѳрийн талцлаас болоод хѳгждѳггүй орон нутгууд, мэргэжлийн мэдлэггүй ажилтнуудтай Яам бий болжээ. Харин бид гасалсаар хэрнээ худлаа инээнэ

 

-Яг үнэндээ “Хѳгжлийн Банк”-ны найдваргүй зээлдэгчидийг анзаарахад, анхнаасаа авсан зээлээ тѳлѳхгүй гэсэн зорилготой нь анзаарагдана. Хууль бус үйлдлээ “аргалах”-ын тулд шүүх, прокурор, гааль зэрэг хяналтын байгууллагуудад ѳѳрийн хүнээ томилуулна. Энэ нь Ерѳнхийлэгч асануудтай ч хамаатай. “Нохой эзэндээ үнэнч” хэллэгээр томилсон хүндээ үнэнч эдгээр хүмүүс “шударга ёс”, “ёс зүй”, “хүн чанар”-ыг үгүй болгож иргэдийн сүүлийн итгэл найдварыг үгүй болгосон. Мѳнгѳнѳѳс илүүтэй энэ үйлдэл нийгэмд хамгийн их хор хохирлыг учруулжээ. Ирээдүйдээ итгэх итгэлгүй болохоор бид хаачих билээ?

 

*ЭНЭ БҮХНИЙГ ШИЙДЭХ ЦАГ НЬ БОЛСОН

 

-Залуу хүний хувьд алдаатай, оноотой ч Монгол Улсын Ерѳнхий Сайдаар ажиллаж буй Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын даргаар ажиллаж буй Д.Амарбаясгалан нар нийгэм дэх буруу хандлагыг засах ажлыг эхлүүлсэн. Яг үнэндээ анзаарах ахул Монголын улстѳр дэх хууччуул болон шинэ үеийнхэний хооронд тэмцэл явагдаж буй. Монгол Улсын Ерѳнхий Сайд ямар эрх мэдэлтэй, ямар үүрэг хариуцлагатайн хязгаарыг ялгаж салгаж мэддэггүй бид, ѳнѳѳгийн Монгол Улсад мэдрэгдэж буй бүх муу зүйлсийг тэдэнтэй холбон харааж зүхдэг. “Үхэхдээ үхэр буугаа тавьж буй” хууччуулын хѳлсѳлсѳн троллууд энэ үзэгдлийг хѳѳргѳн даамжруулсаар. Монголын нийгэмд 30 жил бугшсан үзэгдэл гэдгийг хэн ч дурдахгүй байна. Тэд ѳѳрийн нам дотроо ч тэмцэлдэж байгаа. Мэдээж амаргүй боловч тэд ѳѳрчлѳх үүрэгтэй

 

-Тэд ѳмнѳ нь хэзээ ч ил гаргаж зүрхлээгүй, нийгэмд бугшсан олон асуудлуудыг зоригтойгоор гаргаж илчиллээ. Олон хүмүүс “Арай ч дээ” хэмээн халаглаж байна. Тэдний хувааж завшсан мѳнгѳн дүн хэдэн их наядаар тоологдож байна. Мѳнгѳнѳѳс илүүтэй Монголын 3 сая иргэдийн боломж хийгээд итгэл найдварыг хулгайлжээ. Ийм байж болно гэж үү? Ингэнэ гэж тооцоолоогүй луйварчид тэвдэж, сүүлийн аргаа шавхаж байна.

Тэд Л.Оюун-Эрдэнийг, Д.Амарбаясгаланг улс тѳрѳѳс ямар ч үнээр, ямар ч аргаар хамаагүй зайлуулахыг хүсч буй. Хэрвээ тэд ялах аваас ѳѳрсдийн засаглалаа байгуулж, улам нарийн нууц аргаар энэ бүхнээ үргэлжлүүлэх болно. Бидэн руу харж инээмсэглэн сайхан амалцгааж, харин халаасан дотроо салаавч гаргасаар байх болно. Ингэж болно гэж үү?

 

-“Монгол мѳхѳж байна”, “Залуус Монголоос дүрвэж байна”, “Монголд ямар ч ирээдүй алга” хэмээн сурталчилж эхэллээ. Үгүй дээ, бид уналтын доод хэмжээндээ очиж байгаа нь үнэн. Гэхдээ бид ѳѳрсдѳѳ босох ёстой. Бидний эх орон ямар байхыг, яаж хѳгжихийг бид ѳѳрсдѳѳ л шийднэ. Ямар эх оронд амьдрахыг хүсч байна, тэр мѳрѳѳдлѳѳ бид ѳѳрсдѳѳ биелүүлнэ, хэн ч бидний мѳрѳѳдлийг биелүүлэхгүй. Бид 30 жил идэвхгүй, арчаагүй залхуу, зусар бялдууч байлаа, үр дүн нь энэ. Бид ѳѳрсдѳѳ буруугүй гэж үү? Бид хаа сайгүй улстѳржин хийрхэж байна. Эрүүл саруулаар харж дүгнэж чадахаа больжээ. Ѳѳрийнх нь хийрхэлийг дэмжихгүй бол “дайсан” болгож байна. Одоо болноо, залуус аа. “Эх орны хайр” ярихаасаа ѳмнѳ “ѳѳрийгѳѳ хайрлаж” сурмаар. Зүгээр л хүн болгон сонгуульд оролцон саналаа ѳгч, зѳв хүнээ сонгохоос л үүрэг хариуцлага тань эхэлнэ. Дураараа байх эрхээ зѳв сонголтоор олж авдаг юм шүү дээ. Одоо үнэнээс зугатах хэрэггүй дээ.

 

                                         Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах