С.Зоригийг хөнөөсөн хэрэгт 20-25 жилийн ял сонсоод байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгосон талаар өнгөрсөн сард олон нийтэд зарласан юм.

Ингэснээр С.Зоригийг хөнөөсөн хэрэг задарч, хуулийн байгууллага шалгалтын ажиллагааг дахин шинээр эхлүүлэхэд хүрч байгаа юм. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт холбогдсон орлогч прокурор Г.Эрдэнэбат энэ талаар манай сонинд байр сууриа илэрхийлэхдээ “Бодвол, энэ хэргийг хэрэгсэхгүй болгож, хоёр хүнийг гэмгүй хүн байсан гэж зарлаж байгаа хүмүүс тухайн хүмүүсийг буруутгасан нотлох баримтуудыг устгаж амжсан гэж бодож байгаа юм байлгүй дээ” гэсэн нь анхаарал татаж буй.

Тэгвэл С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол гэрч гэгддэг Б.Булган нь Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг хэрэгсэхгүй болгож байгааг хэрхэн хүлээж авч буй нь сонин. Бид энэ тухай Б.Булгантай ярилцахаар холбогдоход “Би одоо юу ч яримааргүй байна” гэсэн хариулт өглөө.

Б.Булганы хувьд С.Зоригийг хөнөөсөн хэрэгт анх яллагдагчаар татагдаж, сүүлд хохирогчоор шүүх хуралд оролцож байсан юм. Түүнээс гадна ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох эрүү шүүлтийн хэргийн шүүх хурал 2019 оны наймдугаар сарын 18-нд Төв аймгийн Эрүүгийн хэргийн сум дундын шүүхэд болоход Б.Булган оролцож байлаа. Энэ үеэр түүнтэй Өдрийн сонин ярилцаж байсан юм. Тус ярианы хэсгийг эргэн сануулъя.


Б.Булган: Миний тэвчээр үнэхээр алдагдаж байна

-Танаас ганц зүйлийг л тодруулах гэсэн юм. Та одоо ер нь энэ хэрэгт гэрч болоод байна уу, эсвэл хохирогч уу, яллагдагч уу?

-Анх яллагдагч байсан. Одоо хохирогчоор орж байна. Гэхдээ одоо ч яллагдагч хэвээрээ байгаа шүү. Ер нь явж, явж өөрөө ч хэн болчихоод байгаагаа мэдэхгүй байна. Нарийн зүйлийг манай өмгөөлөгчөөс асуусан нь дээр.

Яллагдагчаар татсан учир нь захиалагчтай холбоотой хэрэгт татсан, хуралд оруулахгүйгээр. Энд бол хохирогчоор явж байна.

-Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн болохоор уу?

-Би ч бас шүүгдчихсэн байна шүү дээ.

-Таны бие зүгээр үү? (гараа гипсдчихсэн байв)

-Муу, муу. Надад сайн юм байхгүй. Би баахан гарын үсэг зурчихсан байгаа юм. Амаа нээгээд л хэрэгт орчих гээд байдаг.

-Тийм ээ, мэдэж байна...

-Гэхдээ миний тэвчээр үнэхээр алдагдаж байна. Тэвчиж л байна. Ямартай ч энэ асуудал дуусаг.

-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт эрүүдэн шүүсэн шинэ нөхцөл байдал үүслээ. Та ямар байр суурьтай байгаа вэ?

-Хууль зөрчсөн асуудал байгаа... гэснээр бидний ярилцлага өндөрлөж байв.