Рок-н-роллын хатан хаан гэгддэг домогт дуучин Тина Тернер 83 насандаа таалал төгсжээ. Удаан өвдсөн тэрбээр Мягмар гарагт Швейцарын Цюрих хотын ойролцоо гэртээ амьсгал хураасныг менежэр нь өчигдөр мэдээлсэн байна.

АНУ-ын Теннеси мужийн тариачин гэр бүлд мэндэлсэн Тернер арван жилийн өмнө Швейцарын иргэн болж байжээ.

Нөхөр Айк Тернертэйгээ 20 жилийн ээдрээтэй амьдралыг туулсан Тина 40-өөд насандаа од болон гялалзаж байв.

Тэрбээр уран бүтээлийн замналынхаа турш дэлхий даяар 150 сая хувь цомог борлуулж, Грэмийн шагналыг 12 удаа хүртэж, 1991 онд Рок-н-Роллын алдрын танхимд нэрээ мөнхөлж байжээ.

Түүний амьдралаар уран сайхны кино, баримтат кино, Бродвэйн хөгжимт жүжиг бүтээж байв.

1960-аад оны үед нөхөр Айкынхаа хамтлагт дуулж эхэлсэн Тина 1978 онд гэр бүлээ салгаж, 1980-аад оноос ганцаарчилсан уран бүтээлээ туурвиснаар илүү их амжилт олсон юм.

Олон жил нөхрийнхөө зодуур, хүчирхийлэл дор амьдарсан Тернер 1980-аад оны дундаас Германы хөгжмийн продюсер Эрвин Бахтай хамт амьдарч, 2013 онд хоёр дахь удаагаа гэрлэсэн нь түүнд жинхэнэ аз жаргал авчирсан гэдэг.

2017 онд Тернер бөөрний дутагдалтай болсон нь оношлогдоход Бах нэг бөөрөө өгч байжээ.

Тина Тернерийн зовлон үүгээр дуусаагүй юм. 2018 онд түүний ууган хүү Крэйг амиа хорлож байлаа. Түүний эцэг Тинатай нэг хамтлагт уран бүтээл туурвиж байсан Рэймонд Хилл байжээ.

2022 онд Тинагийн бас нэг хүү Ронни нас барсан юм. Тэр анхны нөхөр Айкынх нь хүү байв.

Айкын хоёр дагавар хүүг Тина бас үрчлэн авч өсгөж байжээ.

“Хүмүүс намайг хүнд хэцүү амьдрал туулсан гэж боддог. Гэхдээ надад энэ бол гайхалтай аялал байсан. Нас ахих тусам юу болж өнгөрсөн нь чухал биш, яаж шийдвэрлэсэн нь илүү чухал болдог юм байна” гэж Тернер 2018 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа өгүүлж байв.

“Тина бол байгалиас заяасан давтагдашгүй хүч, асар их авьяас билиг байлаа. 1980 онд анх танилцах үед л тэр өөртөө бүрэн итгэлтэй байсан. Би түүнийг маш их үгүйлэх болно” гэж 30 жил менежэрээр нь ажилласан Рожер Дэвис хэлжээ.

Дэлхийн урлаг соёл, спортын алдартнууд Тина Тернерийн араас эмгэнэл илэрхийлсээр байна.