421-р ангид хоригдож байгаа, хүний эрхийг хамгаалагч Ч.Мөнхбаяртай ярилцлаа.


-Таныг яг яасан гээд ямар хэргээр буруутгаж шоронд хорьж байгаа гэж үзэж байгаа вэ?

-Би Монгол Улсын нийгмийн сөрөг үзэгдлүүдийн эсрэг, тулгамдсан хурц асуудлуудыг шийдвэрлүүлэхийн төлөө 1990 оноос өдий хүртэл тэмцэж ирсэн. Үндэсний аюулгүй байдлын төлөө л тэмцэж ирсэн. Мөн олон жилийн турш өмнөд монголчууд буюу Хятад улс дахь цөөнх монголчуудын хүний эрхийг хамгаалах гэж үзэл бодлоо хэлж байв.

2020 оны зун Хятад улс монгол бичиг, монголчуудын соёл, шашныг урьд урьдаас илүү хавчиж, хяхаж эхэлсэн. Үүний эсрэг тэмцлийг миний бие Монгол Улсад уриалж, зохион байгуулалцсан. 2020 оны намар Монгол Улсад болсон, Өмнөд Монгол дахь харгислалыг эсэргүүцсэн зургаан жагсаалыг зохион байгуулалцсан. Хятадын Гадаад яамны сайд Ван И тэр үед Монголд айлчлахад хоёр өдрийн эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулалцсан. Бид тэгэхэд Хятадын сайдыг Төрийн ордонд, Сүхбаатарын талбайд оруулахгүй гэсэн зорилго тавьсан, санасандаа хүрсэн. Ер нь дэлхийн монгол туургатны хүний эрхийн төлөө тэмцэж ирсэн дээ

-“200 сая төгрөгийг Энэтхэгийн тагнуулаас авч байхад нь үйлдэл дээр нь барилаа” гэх зэрэг мэдээллүүд тухайн үед сайтууд дээр гарч байсан даа?

-Мэдээж, тийм юм огт болоогүй. Намайг барихдаа л хэвлэл мэдээлэлтэй хамт явж байсан шиг билээ. Ийм нууц ажиллагаа гэж баймааргүй л юм. Нэгжлэг хийж байхад манай гэрийн гаднаас сайт лайв хийж байлаа шүү дээ. Маргааш нь л тагнуулынхны “нууц” гээд байгаа мэдээллүүд, зургууд сайтууд дээр гараад ирсэн. Ингэж төрийн байгууллага “нууцаа” өөрсдөө задалж, олон нийтэд ил болгосон.

Намайг захиалгатайгаар гүтгэж бичсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг шалгуулахаар зохих байгууллагад хандсан боловч, хэрэг шийдэгдээгүй байхад шалгахгүй гэсэн. Хэрэг шүүхээр шийдэгдээд удсан ч шалгахгүй л байгаа.

2022.2.17-нд ТЕГ намайг гудамжинд явж байхад хүч хэрэглэн баривчилж, “Улсын нууцтай холбоотой бичиг баримтууд иргэн Ч.Мөнхбаярын гэрт байгаа гэх үндэслэл бий учир нэгжинэ” гэх утгатай бичиг үзүүлсэн. Манай гэрээс хууль бус зүйл олоогүй. Тэгээд “тайлбар авна” гэж хуурч, ТЕГ дээр аваачиж, удтал хүлээлгэж байгаад, шүүхгүйгээр 48 цаг баривчлах бичиг авчирч үзүүлсэн. Маргааш нь шүүхийн шийдвэрээр нэг сар цагдан хорих болсныг мэдэгдсэн. Түүнээс хойш өдий хүртэл би тасралтгүйгээр хоригдож байна.

Мөрдөн байцаагч ор үндэсгүй зохиомол, худал хуурмаг зүйлс дээр үндэслэж, “Ч.Мөнхбаяр 13 гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон” гэж, яллуулах “Санал”-даа бичсэн. Тэр л, 13 үйлдлийн тухай худал үгсийг гурван шатны шүүх ямар ч үг үсгийн зөрүүгүй хэвлэж, шийдвэрийнхээ үндэслэл болгож байсан. Энэ 13 үйлдэл гэдэгт 12 нь гадаадын иргэнтэй хийсэн жирийн яриа, үлдсэн нэг нь би зохион байгуулаагүй, АН 2021.10.1-нд зохион байгуулсан цуглаан багтсан.Гэхдээ гурван шатны шүүх бүгд ТЕГ-ын “нотлох баримтуудад” эргэлзэж байгаагаа илэрхийлсэн.

-Шүүхүүд “нотлох баримт эргэлзээтэй” гэчихээд, ялласан гэж үү?

-Харин тийм. 2022.4.1-нд болсон анхан шатны шүүх хурал “шүүгдэгч тагнуулын байгууллагын тухай мэдэж байсан эсэх нь эргэлзээтэй, ТЕГ-ын нотлох баримтууд нь хуулийн шаардлага хангаж байгаа эсэх нь эргэлзээтэй, шүүгдэгчийн гэм буруугийн сэдэл, хэлбэрийг тогтоогоогүй” гэж дүгнэсэн.Тэр үед хэргийг буцаадаг хуультай байсан. Одоогийнх шиг хэргийг буцаадаггүй хуультай байсан бол би цагаадаад суллагдчих байлаа. Хэргийг буцаадаг байлаа гээд заавал буцаах ямар ч шаардлагагүй байсан л даа. Прокурор нэмэлт мөрдөн байцаалт хийхгүй гэж давж заалдсаныг шүүх ёсоор болгосон. Ингээд миний хэргийн материал хэв хэвээрээ байхад, ноднингийн наадмын өмнө ахиад анхан шатны шүүхээр орсон. Суллагдах нь баталгаатай гэж бодон баясаж суутал, өмнөх дүгнэлтүүдээ үгүйсгээгүй байж, намайг яллачихсан. Ийм утга учиргүй юм гэж байх уу. Дараагийн хоёр шатны шүүх хурал ч агаар нэгэн байлаа.

Давж заалдах шатны шүүх дээр шүүгчид миний гэм бурууд эргэлзсэн асуултуудыг прокурорт тавихад, прокурор “мэдэхгүй” гэж хариулж байсан төдийгүй, бүр миний гэм буруугүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. “Гадаадын иргэнээс Монгол Улсын иргэн тусламж хүсэх нь гэмт хэрэг юм уу?” гэж миний тухай асуухад прокурор “Тэр бол Монгол Улсын иргэн хүний эрх” гэсэн шүү дээ. Хүний эрх юм бол яагаад мөрдөж мөшгөөд, гүтгээд, яллачихав аа.

Давж заалдах хурлаар миний гол гэмт үйлдэл гэгдэх “БНХАУ-ын эсрэг цуглаан”-ыг “тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн. Тэр нь 2021.10.1-ний АН зохион байгуулсан цуглаан. Харин тэр цуглаанд оролцсон нь тогтоогдсон гэж байгаа юм даа. АН-ын цуглаанд оролцлоо гээд 10 жилээр яллагдах ёстой юу. АН БНХАУ-ын эсрэг цуглаан зохион байгуулаагүй, тэр “Одоо боллоо” гэдэг цуглаан нь улс орны дотоод нөхцөл байдалтай холбоотой байсан. Тэр шүүх хурлаар “шүүгдэгч гадаадын тагнуулын байгууллагыг мэдээгүй байж болох ч, мэдэрсэн”, “ноцтой гэмт үйлдэл хийгээгүй байж болох ч, ирээдүйд хийх боломжтой” гэх зэрэг гаж дүгнэлтүүд хийгдсэн. Тэгвэл хуульд “мэдэрсэн” тухай, ирээдүйд хийх хэргийн төлөө урьдчилан яллах тухай заагаагүй шүү дээ!Оруэллийн “1984” роман дээр гардаг “Бодол санааны гэмт хэрэг” гээч нь Монголд, намайг шүүсэн явц дээр биеллээ олчихоод байна.

ТЕГ-ын гол “нотлох баримт” гээч нь хуурамчаар үйлдэгдсэнийг Дээд шүүх “хувирган өөрчилсөн бичиг байх магадлалтай” гэх үгээр хүлээн зөвшөөрсөн. Бусад “нотлох баримт” гээчийн үнэн зөв эсэхийг тогтоогоогүй, тогтоох ч үгүй гэдгээ “үнэн зөв эсэхийг нь ТЕГ л хариуцна” гэсэн утгатай үгсээр мэдэгдсэн. Гадаадын иргэний тагнуул эсэхийг бас л тогтоогоогүй, тогтоохгүй гэсэн. Ийм дүгнэлтүүд гаргачихсан, миний гэм бурууг тогтоогоогүй нөхцөлд намайг цагаатгах л ёстой байсан. Дээд шүүх “бид ТЕГ-ын үгийг л дагана” гэх утгыг илэрхийлсэн. Тэгэх аваас, шүүх байхын хэрэг юусан билээ, ТЕГ л ял оноочих нь шулуун биз дээ. Гурван шатны шүүх хурал гурвуулаа намайг “БНХАУ-ын эсрэг үйл ажиллагаа явуулсан” гэж буруутгасан. Монгол Улсын хуулиуд БНХАУ-ын эсрэг үйл ажиллагаа явуулсан бол шийтгэх тухай ямар ч үндэслэл үгүй. Би ч БНХАУ-ын эсрэг үйл ажиллагаа явуулаагүй. БНХАУ дахь уугуул монголчуудын үндэсний соёл, хүний эрхийн төлөө л олон жил тэмцэж ирсэн. Шүүх хурлууд дээр “Хятадын эсрэг гэмт хэрэг хийсэн” гээд л өчнөөн дахин давтаж хэлж, намайг загнаад байдаг байлаа. Хятадын шүүх дээр, Хятадын хуулиар шүүгдэж байгаа юм шиг л санагддаг байсан. Энэ бол үнэхээр өнөөгийн манай нийгмийн шившиг, гутамшиг! “Хятадын хилийг хаалгасан”, “Хятад-Монголын найрамдалд харшилсан”, юу юу гэдэг байсан гээ...

Гурван шатны шүүх гурвуулаа л намайг цагаатгахад хангалттай дүгнэлт гаргачихсан гэхэд болно. Шүүгч нар далд цагаатгал хийчихсэн. Тэр дүгнэлтүүдийг хуулиар амилуулчихад л би цагаадчих юм.

-Танд өөрийн буруугүйг нотлох ямар баримт нотолгоо байна вэ?

-Намайг хэлмэгдүүлэхийн тулд хуурамч бичиг баримтууд үйлдсэнийг өмгөөлөгчид тал бүрээс нь нотолсон. ТЕГ-ын дарга асан Д.Гэрэл ч үүнийг гэрчилсэн. Гурван шатны шүүх энэ “нотлох баримтуудад” эргэлзсэн. Шүүхээс намайг цагаатгахад хангалттай дүгнэлтийг 2022.4.1-нд гаргаж байсан. Миний “гэмт үйлдлүүд” гээч нь жирийн ярианууд, мөн АН-ын зохион байгуулсан цуглаан. Худал зохиож бичсэн үгсээр л намайг буруутгасан. Худал гэдэг нь ярианы тэмдэглэлүүдээр нотлогддог. Эрүүгийн хуулийн 19.4.1-р зүйлтэй миний үйлдлүүд огт тохирохгүй байгаа. Намайг буруутгах ямар ч баримт нотолгоо байхгүй.

Гадаадын иргэнтэй харьцсан миний бүх харилцааг үг үсэг гээлгүй баримтжуулсан. Энэ бүхэнд гадаадын тагнуулын байгууллага нэг ч удаа дурдагдаагүй, яригдаагүй. “Гадаадын тагнуул, үүрэг өгөх, авах, биелүүлэх” гэсэн үгс, ойлголт огт байгаагүй.

Гадаадын иргэнтэй танилцлаа гээд миний үйл ажиллагаанд өөрчлөлт гараагүй. Би олон жилийн турш, хүний эрхийн тэмцлийн хуваарийн дагуу л, хийж ирсэн юмаа л хийсэн.

Гэрчүүд миний буруугүйг гэрчилсэн. Гадаадын иргэн бол тагнуул биш, тагнуулын үйл ажиллагаа явуулдаггүй гэсэн агуулга буруутгагч талын бичиг баримт, үг ярианд дахин дахин дурдагдсан. Тэрхүү гадаадын иргэн Ч.Мөнхбаяртай уулзсан учраас л гэнэт тагнуул болоод хувирчихсан гэсэн мунхаг санааг буруутгагч тал ичгүүр сонжуургүйгээр олон удаа илэрхийлсэн. Миний гадаадын иргэнтэй танилцах, харилцах явцыг төрийн байгууллага бүхэлд нь зохион байгуулсан гэх бүрэн үндэслэл бий.

Төрийн байгууллага намайг хэлмэгдүүлэхийн тулд миний эсрэг гүтгэж гүжирдэх, бусдыг гэмт хэрэгт холбогдуулахыг зохион байгуулах, зохиомол хэрэг үүсгэх, хуурамч бичиг баримт үйлдэх, худал гэрчлүүлэх, худал мэдээлэл тараах, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдах, эс сэрэмжлүүлэх зэрэг олон гэмт хэрэг үйлдсэн.

Энэ бүхэн нь олон нотлох баримтаар нотлогддог. Хавтаст хэрэг гэхэд л бүхэлдээ миний буруугүйг нотлох баримт. Үүнийг хардаггүй хүмүүс төрийн байгууллагуудад ажиллаж байна. Би өөрийн буруугүйг нотолсон олон хуудас гомдлыг бичиж, Дээд шүүх рүү илгээсэн. Тэр гомдлыг уншсан эрүүл ухаантай хэн ч миний буруугүйг 100 хувь ойлгоно.

-Таны дараа цөөнгүй тэмцэгч хоригдсон, яллагдсан даа?

-Намайг баривчилснаар идэвхтнүүдийг хэлмэгдүүлэх явдал эхэлж, олон идэвхтэн гүтгэгдэн хоригдсон. Намайг хатуу яллан туршилт хийхэд намайг олон хүн, байгууллага өмгөөлж, багагүй эсэргүүцэл, шуугиан дэгдсэн тул бусад идэвхтний асуудалд болгоомжтой хандаж, хилсдүүлэлтийг зарим хэмжээгээр илчилж, хорихгүй ял өгөх, харьцангуй бага хорих ял өгөх зэргээр арай зөөлөн хандаж байгаа. Би ингэж бамбай болсон.

Намайг нэгэнт 10 жилээр яллачихсан болохоор буруудах, нөхөн төлбөр өгөхөөс зайлсхийж, намайг үргэлжлүүлэн хэлмэгдүүлсээр байна.

-Олон нийт таны яллагдсан, хоригдсон явдалд яаж хандаж байна?

-Миний өмгөөлөгч Г.Баасан, А.Батдорж нар 10 гаруй хэвлэлийн хурал хийж, хэвлэл мэдээлэлд цөөнгүй удаа ярилцлага өгч, сошиал сүлжээнд олон пост хийхдээ намайг хэлмэгдүүлсэн үнэнийг нийгэмд ил болгосон. Тэр ил болгосон мэдээллүүдийг үзээд, судлаад дотоод гадаадын хүний эрхийн болон нийгмийн чиглэлтэй олон зүтгэлтэн, ТББ-ууд намайг хэлмэгдсэн гэж дүгнэсэн. НҮБ хүний эрхийг хамгаалагчдыг хилсдүүлж буй явдлыг анхаарахыг Монголын төрд зөвлөсөн. Намайг суллахыг Японы парламентын хэсэг гишүүн шаардсан. 20 гаруй орны 100 гаруй хүний эрхийн бүлэг, хүний эрхийн 10 нэрт зүтгэлтэн хамтран шаардсан. Японы хүний эрхийг хамгаалагчид болон парламентын гишүүд хамтран, намайг Нобелийн Энх тайвны шагналд дэвшүүлсэн. Норвеги дахь Нобелийн хороо “шаардлага хангаж байна” гэж үзээд, намайг нэр дэвшигчээр бүртгэж авснаа албан ёсоор мэдэгдсэн. Гадаадад болохоор Нобелийн шагналд нэр дэвшүүлээд байдаг, дотоодод болохоор 10 жилийн ял өгөөд байдаг үнэлгээний ялгааг их гайхаж байна.

Сошиал сүлжээнд бичих, талбайд акц хийх, шүүх хурал дээр очих, хэвлэл мэдээлэлд нийтлэх, ТББ-ууд шаардлага илгээх, хоригдож байхдаа бичсэн номыг минь гаргах гээд намайг суллуулахын төлөө олон төрлийн дэмжлэг үзүүлсэн нөхөд, ойр дотны хүмүүс, дэмжигчдэдээ энэ дашрамд талархал илэрхийлж, хүндэтгэн ёсолъё. Монгол Улс хүний эрхийг ноцтой зөрчдөг орон гэж дэлхий нийтэд ойлгогдох нь сөрөг үр дагавар ихтэй гэж ойлгож байна.

-Таны өмгөөлөгчдийн эрхийг хассан гэсэн, энэ асуудал юу болж байна?

-Улсын нууц гэх нэрийн дор бузар хэлмэгдүүлэлт хийж байгаа үнэнийг илчилсний төлөө өмгөөлөгч Г.Баасан, А.Батдорж нарыг маань бас хэлмэгдүүлж байгаа. Өмгөөлөгчдийнхөө эрхийг хамгаалах ёстой Өмгөөлөгчдийн холбоо өмгөөлөгчдөө хилсдүүлж, энэ хоёрын маань эрхийг хассан. Бас намайг хэлмэгдүүлсэн хүмүүс өмгөөлөгчдийг маань хэлмэгдүүлэхээр хууль хүчний байгууллагуудад гомдол мэдүүлсний дүнд, тус бүрийг 1 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Эдгээрийн эсрэг тэд маань давж заалдаж байгаа.

Хуулийг уландаа гишгэчихсэн хэлмэгдүүлэгчдийн бузар булайг улсын нууц гэвэл хууль дүрэм, улс орныг гутаан доромжилсон хэрэг. Хэлмэгдүүлэгчдэд хэмжээ хэрэгтэй.

-Хоригдож байгаа нь танд хэрхэн нөлөөлж байна?

-Би хоригдонгуутаа бие муудлаа гэж зарлаагүй. Ар гэрээ зовоогоод яахав гээд өдий хүртэл сайн байна, сайхан байна гэж худал ярьж тайвшруулж ирлээ. Сүүлдээ энэ нь утгагүй санагдах боллоо. Үнэнийг хэлмээр бодогдох боллоо. Шоронд сайхан байна гэж юу байхав.

Миний үлдсэн амьдралын эрч хүчтэй байх 10 жил торны цаана, хүнд хортой нөхцөлд өнгөрч, эрүүл мэндгүй болсон хүн гарч ирэх юм уу, шоронд нас барах ч магадлалтай байна.

Би хоригдсоноос хойш үрэвсэлт өвчнөөс болж, шөнө олон удаа бие засдаг болсон, нойргүйдэлттэй, бас бусад зовиур муу нойртой хоноход нөлөөлдөг, гэтэл 22-06 цагаас бусад үед унтахыг зөвшөөрдөггүй. Тийм учраас туйлдахын эцэст хүрч, нойрмоглол ядрал дунд хөвж дэн дун байдаг, явах, зогсоход гуйвж дайвдаг, унах гээд байдаг. Хэвийн даралттай байсан миний даралтын дээд үзүүлэлт 190 хүртэл өсч, 90 хүртэл бууж, харвалтаас сэргийлэх эмчилгээ хийлгэсэн. Өвчин зовиураа тоочоод байвал урт яриа болно. Эрүүл мэндийн байдлаас болж, амь насанд аюул занал учирч байгаа.

Баривчлагдах үедээ би ийм хүн байгаагүй. Би хоригдохоос өмнө тэмцэл хийж явахдаа, автобусаар холоос ирэх, буцах, талбай дээр жагсах гээд ес арван цаг огт суулгүй, юу ч идэж уулгүй, бие ч засалгүй, өдөржин зогсчихдог байсан. Даралт өгсөх буурах гэж мэддэггүй байлаа. Саяхан эмнэлэгт рентген зураг авахуулахад хэдхэн секунд хөдөлгөөнгүй зогс гэхэд л хөдөлгөөнгүй зогсч чадахгүй гуйвж дайваад, тэнцвэл алдаад аппарат хэрэгслийг нь дайрч унагачих гээд байсан. Суухад ч гуйвж дайвна гэж байдаг л юм билээ. Ийм л болоод байна.

-Та эрүүл мэндийн шалтгаанаар хоригдож болохоо больчихсон юм биш үү?

-Амьсгаа хураахынх нь өмнө л эрүүл мэндийн шалтгаанаар суллавал сулладаг юм билээ. Суллахгүй бол шорондоо амьсгал хураана.

-Өнөөгийн нийгмийн байдлын талаар та юу хэлэх вэ?

-Авлигатай хийх тэмцлийг дэмжиж байна. Улс төрийн хэлмэгдүүлэлтийг таслан зогсоох хэрэгтэй. Хэлмэгдүүлэлт бол тоглоом биш, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг. Ард түмнээ хэлмэгдүүлэлтээс сэрэмжлүүлэхийн тулд би ярилцлага өгч байгаа юм шүү. Эрх чөлөө гэдэг хязгааргүй үнэ цэнэтэй зүйл. Эрх чөлөөг олвол алдаж болохгүй, алдвал нүд ирмэх зуур мөхнө. Харийн махны машинд няцлуулж дуусна. Хэн нэгэн өөрөө эрх чөлөөг хүсдэггүй юм аа гэхэд хайртай хүмүүсээ бодох хэрэгтэй.

Соёлын хувьсгалын тухай ном бичсэн, ахмад буурал өмнөд монгол хүнийг саяхан хятадын цагдаа нар Монгол Улсад орж ирээд л бариад аваад явлаа. Манай нийгэм өнөөгийн янзаараа байвал удахгүй Хятадын цагдаа нар орж ирээд Монгол Улсын иргэнийг бариад аваад явдаг болно, Соёлын хувьсгал хэрэгжинэ.

Хэлмэгдүүлэлт эхэлсэн, их хэлмэгдүүлэлт болж өргөжих магадлал их шүү гэдгийг ард түмэндээ дахин анхааруулж, сэрэмжлүүлье. Жижгэрсээр байгаа эрх чөлөөгөө битгий алдаарай, хайрлаарай, хамгаалаарай.

Д.ТӨМӨРӨӨ