Сүүлийн хэд хоногийн турш Х.Булгантуяа сайдыг сошиалаар буруу зөвгүй нүдэж, “Монголын ард түмэнд салаавч өглөө”, “Нүүрсний хулгайчдыг өмөөрлөө” хэмээн дайрч доромжилж байна.

Төрийн түшээгийн хувьд дүүрч гэхэд эмэгтэй хүнийх нь хувьд байж боломгүй үгээр гутааж, элдэв дээдээр гүтгэн доромжилж ёстой байж суухын аргагүй болголоо. Ингэхэд Булгантуяагийн буруу нь юу вэ. Яагаад нийгмээрээ түүн рүү улангасан дайрна вэ. Тэрбээр хэд хоногийн өмнө “Parlament Talk”нэвтрүүлэгт орохдоо монголчуудын үнэт зүйлийн тухай, бид үнэт зүйлтэй байх тухай ярьсан.

Гэтэл хэдхэн секундын бичлэг тасдаж тавиад хулгайчдыг өмөөрлөө гээд шуугьсан. Нийтийн сүлжээнд муу муухайгаар хэлж доромжилж байгаа нөхдийн дотор түүний яриаг бүтэн сонссон хүн байгаа болов уу. Тэрбээр дээрх нэвтрүүлэгт орохдоо юу гэж хэлсэн бэ гэвэл “Манай улс олон үндэстэн ястантай. Гэвч Америк, Австрали шиг хар цагаан арьст янз бүрийн иргэдээс бүрдсэн улсууд үнэт зүйлтэй байхад бидний үнэт зүйл хаана байна вэ. Нүүрсний хулгайн хэргийн ард нь гарчих юмсан гэдэг л өнөөдрийн үнэт зүйл болчихоод байна. Бидний хүсэл зорилго ийм болоод байна. Улсаараа бие биеэ шоронд хийх нь үнэт зүйл, зорилго байж болохгүй” гэх үгийг хэлсэн.

Үндсэндээ монголчууд хулгай ярихаас өөр үнэт зүйлгүй болчихлоо. Энэ бол буруу. Бид үнэт зүйлтэй байх хэрэгтэй гэдэг маш чухал санааг залуухан сайд бүсгүй дэвшүүлж хэлсэн. Түүний хэлсэн үгийг бодлогын хувьд аваад үзэхэд маш зөв. Яг үнэндээ бол хулгай, луйвар, дээрэм гэдэг бол ойр зуурын асуудал. Аль ч улс үндэстэнд хулгай, луйвар, дээрмийн асуудал гарч байдаг. Гол нь үүнийг хариуцлагатайгаар таслан зогсоож, энэ зүйлийг дахин гаргуулахгүйн төлөө хууль шүүхээ чангатгах ёстой. Улс орны түүх ингэж л явж ирсэн. Харин иймэрхүү ойр зуурын ялих шалихгүй асуудлаар халхавч болгоод бид хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, хүнлэг энэрэнгүй нийгэм байгуулах ардчиллын үнэт зүйлийг хэрхэвч умартаж болохгүй.

Монголчууд бид улс орныхоо тусгаар тогтнол бүрэн бүтэн байдлын төлөө үргэлжид санаа зовж, улс орон оршин тогтнохын гол үндэс суурь нь болох үнэт зүйлийн тухай байнга ярьж, хэн бүхэнд сануулж, тусгаар тогтнолоо улам бэхжүүлж, Монгол Улсаа ямар нэгэн орны харьяанд оруулчихгүй төлөө үнэт зүйлээ хадгалж, түүний мөн чанарыг ойлгож байх хэрэгтэй. Гэтэл үнэт зүйлийнхээ төлөө дуугарсан хүн рүү нийгмээрээ ингэж боргож, тал бүрээс нь барьж идэхээр дайрч байгаа нь гайхширал төрүүлж байна. Үнэт зүйл рүүгээ дайрна гэдэг бол улс орныхоо тусгаар тогтнол руу, бүрэн эрхт байдал руугаа дайрч байна гэсэн үг хэмээн мэргэдийн сургаалд байдаг юм.

Монгол Улсын Их сургуулийн Философи шашин судлалын тэнхимийн багш доктор, профессор Р.Дарьхүү “Бид үнэт зүйлээ ярих хэрэгтэй. Тэр бол хамгийн чухал зүйл. Харин үнэт зүйлээ ярьсан хүнийг буруутгаж харлуулж байна гэдэг нь монголчуудын ёс суртахууны ухамсрыг л харуулж байгаа хэрэг. Олон нийтийн сүлжээгээр хүний үгийг гуйвуулж, хэлсэн үгнээс нь тасдан авч ашиглаж байгаа нь бид ёс суртахууны ямар их доройтолд орсны шинж. Хүний яриаг зөв ойлгохоосоо буруу ойлгох нь нийгэмд их болжээ. Энэ бол маш аюултай” гэв. Мөн тэрбээр “Үнэт зүйл гэдэг хамгийн товчдоо тухайн улс үндэстэн, нийгэм оршин тогтноход зайлшгүй чухал шаардлагатай тийм л зүйл. Материаллаг үнэт зүйл, оюуны үнэт зүйл гэж байгаа. Үүн дотроо

оюуны санааны үнэт зүйл нь чухал. Хэрвээ оюуны үнэт зүйл гээч нь байхгүй болбол улс орны тусгаар тогтнол байхгүй болно.Ер нь явж явж философи гэдэг зүйлийг үзэхгүй болохоор нийгмээрээ ийм байдалтай

болчихоод байна. Хүний ярьсныг дандаа эсрэгээр нь ойлгодог. Хүлээн авдаг. Философи мэдэхгүй хүмүүстэй, нийт масстай, цаашлаад Монголын нийгэмтэй ойлголцоход хэцүү болсон”-ыг хэлсэн юм.

Х.Булгантуяа “Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон хүмүүсийг өмөөрч, хамгаалсан зүйл огт байхгүй. Хууль шүүхийн байгууллагууд тухайн хэргийг шалгаж шүүгээд буруутай этгээд нь хариуцлагаа хүлээгээд явах ёстой. “Парламент

талк” нэвтрүүлгийн ярианаас тасдан нийгмийн сүлжээнд “хулгайчдыг өршөө” гэсэн хэмээн улс төрийн тоглолт хийж байгаад харамсаж байна. Ингэж буруутнаас хэргийг булзааруулж, бусад руу сэдвийг сэвж замхруулдаг улс төр, пи ар-ын арга улам төгс болсоор. Улсаараа хулгай ярьж бухимдан үнэт зүйл, хөгжил дэвшил ярихаа умартах вий гэсэн санааг хэлсэн” хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Хүний хэлсэн үгийг тасдаж аваад утгыг нь эсрэгээр нь болгоод нийгэмд өгөөш болгон шидэж барьж идүүлдэг энэ зүйл бол сошиалын шинэ юм биш. Ёстой сошиалын гэм биш зан.

Булгантуяагийн энэ асуудал бол цахим сүлжээний зүгээр л бие халаалт. Хэрвээ сонгууль эхэлбэл та нар ямар юм болно гэж бодож байна. Цахимын троллууд, ботууд жинхэнэ утгаараа ажиллаад эхэлбэл хүний ой санаанд буухааргүй хачин аймшигт юмнуудыг бид өдөр бүр үзнэ. Сошиалын троллын мэргэжлийн том арми хөдөлж, хэн нэгэн дээрээс нь удирдан чиглүүлж, бүгд хөлс мөнгөөр, хэнийг ч хэн гэхгүй хайр найргүй балбаад эхлэхээр юу болно гэж санана. Зөвхөн наад захын жишээ, бие халаалтад нийгмээрээ ингэж доргиж байгаа юм чинь сонгуулийн үеийн тэр олон “алаан

хядаантай кино”-г яаж давах юм бэ. Үүнийг хүн бүхэн дотроо тунгаан бодох ёстой.

Хамгийн гол нь Булгантуяаг үнэт зүйл гэх амин чухал асуудал хөндсөний төлөө “нүүрсний хулгайчдыг өмөөрлөө” энээ тэрээ гэж өстөн дайсан мэт үзэж байгаа нь харамсалтай. “Улс орныхоо тусгаар тогтнолын төлөө дуугарч байна” гээд Монголыг Монголоор нь бариулах ажлыг хэн нэгэн хийсэн байхыг ч үгүйсгэхгүй. Хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлч нэртэй хүүхнүүд үүнд оройлон оролцож “нүүрсний хулгайчдыг Булгантуяа өмөөрлөө, тэр хулгайчид бидний үнэт зүйл юм гэнэ ээ” хэмээн илтээр мушгин гуйвуулж, нийгмийг босгож, турхирч байгаа нь өрөвдмөөр, хөөрхийлэлтэй харагдлаа. “Монгол хүний үнэлэмжийг монгол хүн үгүй хийж байна” гэж эрдэмтдийн хэлээд байдаг нь үнэн байна. Тэгэхээр аливаа асуудалд ул суурьтай, учир начрыг нь олж, гол нь тухайн асуудлын үнэн мөнийг нягталж үзэх нь чухал. Жишээлбэл, нийгэмд шуугиан болоод байгаа хүний яг хэлсэн үгийг нь бүрэн эхээр нь үзэж, дүн шинжилгээ хийсний дараа өөрийн үзэл бодлыг илэрхийлэх туйлаас зөв.

Сошиалын шуугианыг чухам ямар учиртайг нь мэдэхгүй хөөс шиг дагаж хошуурах нь улс орны хөгжил, ялангуяа монголчуудын үнэт зүйлд асар хортой тусаж байна. Монгол Улсын хувь заяа, аюулгүй байдалтай холбоотой үг хэлсэн бүхнийг санаатай хийгээд санамсаргүйгээр нийгмийн дайсан болгож байгаа нь хаанахын хэний бодлого вэ. Хар цагаан арьстай янз бүрийн иргэдээс бүрдсэн улсууд үнэ цэнээ айхтар хадгалж байхад монголчууд бидний үнэт зүйл хаачсан юм бэ хэмээн дуугарсан Булгантуяагийн энэ үгийг өөр орны хэрсүү ард түмэн талархан хүлээж авах байлаа. Гэвч үнэт зүйлийн тухай ярьсных нь төлөө бид түүн рүү муу муухай бүхнээ цацаж шившиглэсэн нь эцэстээ өөрсдийнхөө дүр байдлыг харуулсан хэрэг боллоо, хөөрхий.