Нүүрсний хулгай, “Эрдэнэс Тавантолгой” компани хоёр “чацуу” гэхэд болно. Энэ компанийг байгуулж, Тавантолгойг төр ажиллуулж эхэлснээс хойш л нүүрсний хулгай гээч зүйл дагажээ. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн нүүрс арав гаруй жилийн турш олон улстөрч, бизнесмэн зэрэг нөлөө бүхий этгээдүүдийг “бондойлгож” иржээ. Өнөөдөр хууль хяналтын байгууллагад шалгагдаж буй хэргүүд, түүнд хэн хэн холбогдоод байгаагаас энэ тодорхой харагдана.

Гэхдээ дээрх хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлууд тухайн цагийнхаа “ташуур”-т өртчихдөг байв. Улс төрийн бүлэглэлүүд, өндөр албан тушаалтнуудын нүүрсний төлөөх зодооныг “Зууны мэдээ” сонин 2016 оноос хойш энэ агуулгаар хааяа “дуугарч” ирсэн. Тэр жилийн сүүлчээр “...Захирлуудыг золигт гаргасаар байх тогтолцооны гажиг” гэж байгаад “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлуудын ажиллах хугацаа эмгэнэлтэйгээр дуусдаг талаар нийтэлж байлаа. 2020 онд “...Захирлууд нь золигт гардаг “ЭТТ” буюу захирал асан Д.Ариунболдыг баривчиллаа” гэж бас бичсэн.

Тэдгээрт “...Энэ компанийн гүйцэтгэх захирлаар томилогдож ажилласан хүмүүс өөрийн албан тушаалын карьертаа цэг тавьж, эсвэл орон шоронгийн асуудалтайгаар ажлаа өгдөг” гэж байсан нь өнөөдөр ч хэвээрээ л байна.

Ер нь бол “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлууд тэгж л дуусдаг. Дахин сануулъя л даа. 2010 оны арванхоёрдугаар сарын 21-нд “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ хуралдаж гүйцэтгэх захирлаар Б.Энэбишийг түр томилох шийдвэр гаргажээ. 2011 он гараад удалгүй Б.Энэбишийг жинхэлсэн байдаг.

Харин АН засаг авсны дараа буюу 2012 онд түүнийг чөлөөлсөн. Тэр зүгээр чөлөөлөгдсөнгүй. Хятадын “Чалко” компанитай маш хямдаар нүүрс нийлүүлэх гэрээ хийсэн. Том даацын 10 машины дугуй бас таван тэрбум төгрөгийн дугуй “шахсан” зэрэг хэрэгт буруутгагдсан. Тэрбээр эх орноосоо дайжиж, харьд амьдрах болсон. Түүнээс хойш Монголд ирсэн эсэх, түүнд холбогдох хэрэг хэрхсэн нь өнөө хэр нь тодорхойгүй. Б.Энэбишийн дараа 2012 оны аравдугаар сарын 11-нд УИХ-ын гишүүн асан Я.Батсуурь  “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал боллоо. Түүнийг хоёр жил гаруйн дараа буюу 2015 оны хоёрдугаар сарын 25-нд “хүргэн” Г.Дэнзэнгийн гэх хэрэгт холбогдуулан цагдан хорьсон. Я.Батсуурийг баривчилсны дараа 2015 оны дөрөвдүгээр сарын 9-нд “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар Ч.Сайнбилэгийг томилов. ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан энэ эрхэм “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга байсан. Харин тэрбээр арав гаруй хоногийн дараа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Дараа нь 2015 оны тавдугаар сарын 7-нд “Эрдэнэс-Тавантолгой” компанийн ТУЗ-ийн шийдвэрээр гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын хүү Батбилэгийг томилов. Б.Батбилэг тус компанийн Борлуулалт, маркетинг, ложистикийн газрын захирлаар 2013 оноос ажиллаж байв.  Бас л удсангүй. Түүнийг 2015 оны арваннэгдүгээр сарын 13-нд “Эрдэнэс Тавантолгой” компанид бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийхийг эсэргүүцсэн “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн ТУЗ-ийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаах оролдлого хийсэнтэй холбогдуулан Засгийн газрын шийдвэрээр ажлаас нь чөлөөлөв. Ингээд шинэ гүйцэтгэх захирал томилогдтол  “Эрдэнэс Монгол” колпанийн Хууль эрх зүйн асуудал хариуцсан Т.Билгээ гүйцэтгэх удирдлагыг түр орлохоор болсон байдаг. 2016 оны есдүгээр сарын 2-нд “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ хуралдаж, Д.Ариунболдыг гүйцэтгэх захирлаар томилсон юм. Д.Ариунболд нь ажлаа аваад хэдхэн сарын дараа буюу 2017 оны гуравдугаар сарын 30-нд “Чалко”-гийн өрийг өлж дуусгасан тухайгаа зарлаж байлаа. Энэ үеэрээ Тавантолгойн нүүрсийг сонгон шалгаруулалтаар олборлуулах болсон тухайгаа дуулгаж байв. Дараахан нь Д.Ариунболд ажлаа өгч, оронд нь дэд захирлаар нь ажиллаж байсан Б.Ганхуяг дээшилж томилогдсон юм. Гэвч Д.Ариунболдыг ажлаа өгөөд бараг гурван жил болсны дараа 2020 оны тавдугаар сарын 4-нд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн баривчилсан. “...Түүнийг нүүрсний хулгайтай холбоотой баривчилжээ” гэж тэр үед мэдээлж байв. “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлаар хамгийн удаан ажилласан Б.Ганхуягийн талаар олон нийт бүгд мэднэ. Тэр одоо асуудлаа шүүхээр шийдүүлнэ.

Тэгвэл одоо Ж.Ганбат тэднийг залгаж, “Эрдэнэс Тавантолгой”-г удирдаж байна. Түүнийг Засгийн газраас тус компанид Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон. Найман сар болж байна. Ж.Ганбатыг очсоноос хойш “Эрдэнэс Тавантолгой” компанийн борлуулалтын орлогос нэмэгдсэн. Энэ үнэн. Б.Ганхуяг ч хэдхэн сарын өмнө “...Их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан” гээд магтуулж сайшаалгаад, Төрийн тэргүүнээс “Гавьяат” хүртэл аваад мандаж явсан шүү. Дээрээс нь, өмнөх захирлуудыг ярьдаг байсан шиг дэл сул “хов” Ж.Ганбатын үед ч тасрахгүй байна. “...Түүнийг Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр очсоноос хойш “Эрдэнэс Тавантолгой” компани Сангийн яамныхнаар дүүрсэн” гэж яригдаад удлаа. “...Хөрс хуулалтын тендерт хуудуу орж “Моннис” Чукад өгчихлөө” гэж бас цуурч байна. Бас “...Төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор нэр бүхий компанид давуу байдал олгоод байж болзошгүй” гэлцээд эхэллээ. Ингэж байгаад л “юм “ болж байсан гашуун түүх бий. Тиймээс 2016 онд, 2020 онд хэлж байснаа дахиад шулуухан хэлье. “...Уг нь тэд Төрийн өмчит том компанийн гүйцэтгэх захирлын сэнтийд алдар цуугаа дуудуулан байж, олон хүний атаа жөтөөний дор томилогддог. Харин хэсэгхэн хугацааны дараа хуулийнхнаар тогтоол уншуулан хөөгдөн барин ажлаа өгнө. Тэр үедээ тэд нөгөө¬дүүлдээ найддаг. Харин нөгөөдүүл нь тэднийг золигт гаргадаг. Тэдний албыг үргэлжлүүлэн хашиж байгаа өнөөдрийн гүйцэт¬гэх захирлуудыг ч ийм ирээдүй хүлээж байгааг үгүйсгэх аргагүй. Баабарын хэлснээр тогтолцоогоо өөрчлөхгүй л бол энэ байдал үргэлжилсээр байх ажгуу” гэж байсан маань хуучраагүй л байна.

Тэгэхээр Ж.Ганбат болгоомжлох хэрэгтэй.  Энэ “Эрдэнэс Тавантолгой” чинь захирлаа “залгидаг” Тавантолгой шүү. Мартсанаас, “Эрдэнэс Тавантолгой”-г удирдаад байгаа Ж.Ганбат чинь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга байх аа. Үндсэн ажил нь гайгүй л явдаг байгаа даа?!

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин