Худалдаа Хөгжлийн Банкны 64 хувийн хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн дарга, Сингапурын хөрөнгө оруулалттай “Globull Investment and Development PTE. LTD” компанийн эцсийн өмчлөгч Д.Эрдэнэбилэгийг “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ийн 49 хувийг “Монголын зэс корпорац” ХХК-д давуу байдал бий болгон шилжүүлсэн, “Хөтөлийн цемент шохой”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийг хууль бусаар авсан,  “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн эзэмшлийн Хуст уул, Төмөр толгой, Төмөртэйн төмрийн хүдрийн ордын чиглэлд Хөгжлийн банкнаас 71.3 сая ам.долларын зээл авч төмөр зам тавихдаа төсөвт өртгийг их хэмжээгээр нэмэгдүүлэн завшсан  хэрэгт анх шалгаж эхэлсэн билээ.

 

Улмаар түүнийг “Монголын зэс корпорац” компанийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, “Кью си эс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижир нартай  урьдчилан нэгдэж, гэмт хэрэг байнга үйлдэж, ашиг олох зорилгоор тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлж, татан оролцуулсан, мөнгө угаасан хэмээн Эрүүгийн хуулийн 20.3, 18.6 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар тооцсон юм.

 

Гэвч 2019 оны 8-р сард Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүнийг  эрүүл мэндийн шалтгааны улмаас харь оронд эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон гэж үзэн, Хилийн хориг тавих таслан сэргийлэх арга хэмжээг цуцалж хэргийн бусад оролцогч нартай уулзахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн билээ.

Уг шийдвэр гармагц эмчлүүлнэ гэх нэрийдлээр "Сахал" Д.Эрдэнэбилэг Монгол Улсын хилээр гарч яваад одоог хүртэл ирээгүй байна. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар тэрээр Сингапурт амьдарч байгаа аж.

сонин.мн