Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар(ШӨХТГ)-ын дарга Н.Мандуулыг өөрийнх нь хүсэлтийн дагуу ажлаас нь чөлөөлжээ. 

Энэ талаар ШӨХТГ-ын эх сурвалжаас тодруулахад "Н.Мандуул даргыг ажлаас нь чөлөөлөх тушаал энэ сарын 20-нд гарсан. Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны дарга н.Мөнх-Оргил уг тушаалыг өнгөрсөн Баасан гарагт танилцуулсан" хэмээн мэдээлэв. 

Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан түүнийг Засгийн газрын шийдвэрээр энэ оны тавдугаар сарын 17-нд ШӨХТГ-ын даргаар томилоод байв. 

Тэрбээр "Монгол Улсын хэмжээнд шударга өрсөлдөөнийг хангах, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад анхдагч суурь нөхцөл бүрдээгүй учир үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтэй байна" гэсэн өргөдлөө энэ сарын 5-нд Шадар сайд С.Амарсайханд хүргүүлсэн юм.