Урин дулаан цаг эхлэхээр хөдөө орон нутагт  мотоциклиор давхах хүмүүсийн тоо эрс нэмэгддэг билээ. Сүүлийн үед хятад мотоциклийг монголын цаг уур, орчинд нөхцөлд болоод замаас шалтгаалан осол аваарь их гарах болсон.

                                 -Сая саяын үнэтэй мотоцикль амь насын авч одсоор...-

Түүнчлэн амь насаа ч алдах хзний тоо нэмэгдсээр байгаа юм. Замын цагдаагийн газрын сүүлийн үеийн судалгаанаас харахад өнгөрсөн жил улсын хэмжээнд мотоцикльтэй холбоотой 330 осол, зөрчил гарч 112 хүн амиа алдан, 191 хүн гэмтэж бэртсэн тоо баримт тэмдэглэгджээ.

Үүнтэй холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллага улсын хэмжээнд энэ чиглэлээр тандалт судалгаа хийн дүнгээ гаргасан байна.

Иргэд уул хадтай, замгүй, бартаа ихтэй газар хурд хэтрүүлдэгээс мотоциклийн обуд нь хагарч цууран осолддог аж. Энэ нь нийт ослын 51 хувийг эзэлж байгаа бол 35 хувь нь бусад тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас, үлдэх нь бусад осол гэсэн ангилалд багтжээ.

Осолд өртөгсдийн 251 хүн буюу 76 хувь нь тухайн үедээ хамгаалалтын дуулга малгай өмсөөгүй, 93 хүн буюу 24 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь тогтоогджээ. Осолдсон мотоцикльтэй эздийн 72 хувь нь мотоциклоо улсын бүртгэлд бүртгүүлж, дугаар аваагүй зөрчил ч гарсан байна.    

Аймгуудад мотоциклийг хүн тээврийн зориулалтаар ашиглах нь элбэг. Тухайлбал Дорнод, Баян-Өлгий, Архангай, Говь-Алтай, Өвөрхангай аймгийн төвд 258 мотоцикль үйлчилгээнд явж байгаа. Өнгөрсөн онд хүн тээвэрлэж явсан мотоцикльтэй иргэд осол гаргасны улмаас 10 хүн амь насаа алдсан хэрэг ч гарсан.

Манай улсын хуульд мотоцикль эзэмшигч, ашиглагч, тэдгээрт хяналт тавих харилцааг зохицуулсан тодорхой заалт, холбогдох эрх бүхий байгууллагаас хэрхэн ашиглах талаар зөвлөмж, зааварчилгаа байдаггүй. Үүнээс үүдэн  мэргэжлийн хяналтын байгууллага хяналт шалгалт хийх боломж хомс байдаг талаар албаны хүмүүс хэлдэг.

                                                      -Мотоцикльд хяналт хэрэгтэй-

Аймгуудын Мэргэжлийн хяналтынхан тухайн орон нутгийн Замын цагдаагийн байгууллагатай хамтран осол, зөрчлөөс сэргийлэх, мотоциклоор хүн тээвэрлэж байгааг зогсоох шаардлага тавьж, зөвлөмж зааварчилгаа өгөх зэргээр боломжтой бүх арга хэмжээг авах болжээ.

Цаашид импортоор оруулж ирж байгаа мотоциклийн стандарт, чанарт анхаарах, манай нөхцөлд тохирох эсэхийг тогтоох, мотоцикль оруулж ирж байгаа аж ахуйн нэгж, иргэдэд мэдээлэл өгөх, улсын хилээр нэвтрүүлэхэд хил, гаалийн хяналтын байгууллагаас хийх үзлэг, шалгалтын ажилд мөрдөх эрх зүйн акт гаргах зэрэг саналаа Зам, тээврийн яаманд хүргүүлжээ.

Монголчууд бид хэнэггүй зантай. Мөн хэтэрхий хайхрамжгүй ханддаг. Хүн унах машинаа өөрөө сонгох эрхтэй. Гэхдээ импортыг чангатгаж, хайлшин обудтай зориулалтын бус мотоциклийг хилээр оруулахгүй байх, чанартайг нь оруулж ирэх нь чухал. Хуучин малдаа морь л унаж явж болоод байсан үед мотоциклоос унаж амь насаа алдаж байсан түүх байхгүй гэдгийг малчид болоод ард иргэд санаж, бодох л асуудал.

                                                                -Ослын шалтгаан-

Өнгөрсөн онд л гэхэд, улсын хилээр 37 мянга орчим мотоцикль орж ирсний 36713 нь БНХАУ-д, үлдсэн нь Энэтхэг, БНСУ, АНУ, Япон зэрэг 17 улсад үйлдвэрлэгдсэн аж.

Хятадад үйлдвэрлэгдсэн мотоцикль нь асфальтан зам дээр унах зориулалттай. Гэтэл манайхан малын бэлчээр болон хад чулуу ихтэй шороон зам дээр хурд хэтрүүлж унадаг байна. Ингэснээр асфальтан замын зориулалт бүхий мотоциклийн хайлшин обуд нь хагарч осол гарах гол шалтгаан болдог аж.

Түүнчлэн мотоцикль унаж яваагаа морь унаж байгаа мэт адилтган бодож замын хөдөлгөөний дүрэмд заасан “Эрхийн үнэмлэхтэй байх, хамгаалалтын малгай өмсөх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, даац хэтрүүлэхгүй гэсэн зүйл заалтыг мөрддөггүй. Бүүр ч эсрэгээрээ хоёр хүний зориулалт бүхий тээврийн хэрэгсэл дээр дөрөв тавуулаа сундлаж хөдөлгөөнд оролцдог нь дээрх аюулд хүргэдэг байна.

 

Х.Даваа