Франц улсын шоронд хоригдож буй иргэн Г.Ган-Очирын эгчээрээ дамжуулан цахимаар мэдээлэл өглөө.  Тэрбээр "Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар намайг гүтгэж байна.

Хууль бусаар яллаж, шоронд хорьж байгаа. Олон улсын хүний эрхийн байгууллагуудаас надтай ирж уулзсан. Францын улсын шүүх болон прокурорт хандаж, тэд асуулга тавьсан. Шүүхийн тогтоолыг нь гардуулж өгөхийг шаардсан. Ямар үндэслэлээр хорьж буй шүүхийн шийдвэр байхгүй. Тэдний зүгээс намайг удахгүй Монголд удахгүй хүлээлгэж өгнө ч гэсэн хариу хэлж байгаа. Намайг худлаа яриад байна гэж хүмүүс хэлж байна. Надад ирж байгаа захиа, утасны яриаг байнга шалгадаг. Миний хувьд бие, сэтгэл санааны байдал дордсон. Францын хууль хүчний байгууллагууд миний эрхийг зөрчиж, үнэхээр хүнлэг бус хандаж байна. Таван сарын турш гэрийнхэнтэйгээ холбоо барьж чадаагүй. Ахыг маань нас барснаас хойш сарын дараа хүмүүстэй холбоо барих боломж олгож, утас өгсөн. Өөрийнхөө хүсэлтээр Францын шоронд хоригдож байгаа гэсэн бичиг хийж өгөхийг надаас шаардсан. Тухайн албан тушаалтныг сая наймдугаар сарын 23-нд чөлөөлсөн" хэмээв. Түүнчлэн "Эхнэрээ зодсон гэсэн шүүхийн шийдвэр надад ирээгүй. Манай эхнэр шүүх хурал дээр "Манай нөхөр надад хүч хэрэглэдэг. Хүүхдүүд болон намайг хүчээр хил гаргаж авч гарч ирсэн" гэж ярьсан. Гэтэл манай эхнэр болон хүүхдүүд миний араас долоо хоногийн дараа ирсэн. Францын Элчин сайдаас манай эгч миний шүүхийн шийдвэрийг гаргаж өгөхийг есөн сарын турш хүсэж байна. 2023 оны зургаадугаар сарын 25-нд намайг суллана гэсэн ч улс төрийн байдлаар би хоригдсоор байгаа. Монгол руу намайг шилжүүл гэсэн бичиг нь Францад ирсэн юм байна. Унтуулах тариа хийгээд онгоцоор аваад явдаг гэсэн. Надад нотлох баримтууд байгаа. Гэхдээ нүүрсний гэрээний нотлох баримтуудыг манай эхнэр хүлээлгэж өгөхгүй байна. Шоронд орсноос хойших хоёр сарын дараа миний фэйсбүүк, и-мэйл хаяг зэргийн нууц үгийг сольсон.

Д.Сумъяабазар БНХАУ-тай нүүрсний гэрээ хийхдээ авлигын мөнгөндөө зэвсэг авсан байж болзошгүй баримт надад байдаг. Хар машины хэргийг би гаргаж тавьсан. Олон улсын хүний эрхийн байгууллагуудаас "Г.Ган-Очир нь өөрийн улсынхаа Ерөнхийлөгч, Хууль зүй, дотоод хэргийн сайдынхаа авлигын хэргийг илчилж, шүгэл үлээж байсан нь үнэн" гэсэн бичиг ирсэн. Надад худлаа ярих шаардлага байхгүй. Дөрвөн сарын турш намайг шоронд тарчлаасан. Хар тамхитай тариа хүний сэтгэцэд нөлөөлдөг. Сэтгэцийн эхний үзлэгээр хар тамхинаас болж хямарсан байна гэсэн. Харин дараагийн үзлэгээр эрүүл гэж хариу гарсан. Манай эхнэр болон миний хоёр хүүхдийг Франц улс хамгаалалтад авахгүй, яаралтай тухайн улсаас гар гэдэг бичгийг өгсөн юм шиг байна. Энэ оны есдүгээр сарын 5 юм уу 12 дугаар сарын 7-нд намайг Монголд шилжүүлж өгнө гэсэн зүйл яригдаж байгаа. Дараагийн хэвлэлийн хурлаар би өөрийгөө хамгаалахын тулд хэн гэдгээ зарлана. Эрүүгийн цагдаагийн алба, тагнуулын байгууллага харамсахгүй байх гэж найдаж байна" хэмээн ярилаа.

Түүнтэй хамт шоронд хоригдож буй Франц улсын иргэн "Франц улс Г.Ган-Очирыг хууль бусаар хорьж байна. Хоёр Засгийн газрын мафтай холбоотой. Францын шорон түүнийг хар тамхиар хордуулсан. Гадаад хэргийн сайдад энэ талаар миний хувьд захиа өгч байгаа. НҮБ болон олон улсын хүний эрхийн байгууллагуудад хандаж байна. Франц улс Монголд ураны хогоо булсан талаарх мэдээлэл манай телевизүүдээр гарч байгаа. Энэ нь хортой тул та бүхэн сэрэмжлээрэй" гэлээ.