Хамтран ажиллаж хөрөнгө гарган эмнэлэг байгуулсан солонгос эмчээ дээрэмдэн эмнэлгийг нь өөрийн болгосон хэрэгтнүүд худал тайлбар тавьж цаг хожсоор байна. Тодруулбал, БНСУ-ын иргэнээс “Монгол Хьюндай” эмнэлгийг “дээрэмдсэн” гэх хэрэг залхтал яригдаж байгаа. Олон нийтийн шахалт шаардлагаар арайхийж хууль хяналтын байгууллага руу шилжиж өнгөрсөн хавар хэлэлцэж эхэлтэл  Баянгол дүүргийн анхан шатны шүүхэд буцаасан. Үүнээс хойш бараг хагас жил болсон ч шүүх хурал хойшилсоор байв.

Тодруулбал, өнгөрсөн оны аравдугаар сард Баянгол дүүргийн анхан шатны шүүхээс залилан хийсэн эмч нарын талд шийдвэр гарсныг эсэргүүцэн хөрөнгө оруулагчид давж заалдсаны дүнд хэргийн анхан шатны шүүх рүү буцаасан. Гэтэл энэ хэргийг шүүх дараагийн шатны хурал олон удаа хойшилсоор энэ пүрэв гаригт товлогдоод байна.

Хөрөнгө оруулагчдыг залхааж, шүүх байгууллагын шударга эсэхэд эргэлзээ үүсгэж байгаа энэ процесс дуусаж шүүх хурал товлогдсон хугацаандаа болох эсэх нь энэ удаагийн шүүх хурлаар тодорхой болох юм. Олон нийт, гадны хөрөнгө оруулагчид ч анхааралтай ажиглаж байгаа нь лав. Гадаадын хөрөнгө оруулагчийг үгсэн хуйвалдаж хохироож, хөрөнгийг нь дээрэмдсэн энэ хэргийг шүүх процесс хэдэн жил дамнан үргэлжилж, одоо ч элдэв шалтгаан тохиож шийдвэр гарахгүй сунжирсаар байна. Өмнө нь хэвлэлүүдээр олон удаа мэдээлж байсан энэ хэргийг дахин сануулахад “...ГССҮТ-д эрх бүхий албан тушаал хашиж явсан Д.Мөнхбат, хамт ажиллаж байсан эмч Д.Баасанжав нар нь БНСУ-ын хөрөнгө оруулагч, “Ириүм” ХХК-ийн захирал эмч Ким Бу Собыг залилан хөрөнгийг нь завшсан. Байгуулсан эмнэлэгт нь ажиллаж байгаад солонгос хөрөнгө оруулагчийнхаа тушаалаар “Монгол Хьюндай” эмнэлгийн ажлаасаа чөлөөлөгдсөн ч компанийнхаа дансанд бүртгэлтэй 150 гаруй нэр төрлийн 399 ширхэг, гурван тэрбум гаруй төгрөгийн үнэтэй эмнэлгийн тоног төхөөрөмжийг завшсан хэрэгт холбогдсон асуудал.Хууль бусаар, хулгай луйврын замаар авсан эл тоног төхөөрөмжийг ГССҮТ-д хамт ажиллаж, байсан эмч Д.Баасанжавтай хамтран байгуулсан “Эм Би Жи Мед” ХХК-ийн хөрөнгө мэтээр бүртгэсэн. Д.Баасанжав нь Д.Мөнхбатыг “Эм Би Жи Мед” ХХК-ийн захирлаар ажиллахад “Монгол Хьюндай” эмнэлгийн даргаар ажилласан. Улмаар хамтдаа “Эм Би Жи” ХХК-ийг байгуулахад захирал нь болсон. Тэд хамтдаа луйвардаж авсан тоног төхөөрөмжүүдээ банкны зээлийн барьцаанд тавин 4.9 тэрбум төгрөг зээлсэн. Д.Мөнхбат, Д.Баасанжав нарын үйлдлийн улмаас дэлхийн шилдэг мэс засалчдын нэг, хөрөнгө оруулагч БНСУ-ын нэр бүхий эмч Монголд үйл ажиллагаа явуулахаа больсон. Учир нь хөрөнгө оруулагч солонгос эмчийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах зэргээр дарамталсаар явуулсан” гээд олон баримт бичигддэг.

Түүнчлэн Д.Мөнхбат нар нь 2017 оны сүүлчээр өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийн эзэмшлийн “Эм Би Жи” ХХК-ийн нэр дээр эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан. Үүнээс нэг сарын дараа “Эм Би Эс Мед” ХХК-ийн харьяа “Монгол Хьюндай” эмнэлэгийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулжээ.

Нэг үгээр хэлбэл, тэд ийм хууль бус аргаар БНСУ-ын иргэн Ким Бу Собын хамаарал бүхий компанийн эзэмшлийн “Эм Би Эс Мед” ХХК-ийн харьяа “Монгол Хьюндай” эмнэлгийн байрны гадна хаягийг “Эм Би Жи” болгон өөрчилсөн. Үүнээс өөрөөр наад зах нь хөрөнгө мөнгөтэй холбоотой ямар нэг зүйл хийлгүй зүгээр сууж байгаад бүхэл бүтэн эмнэлэгтэй болсон байдаг. Тэгээд бүр түүнийхээ эзэн суусан юм.

 

 

С.САРУУЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин