Манай улсад хууль бусаар газар булаах асуудал  их гардаг. Тэгвэл энэ удаад улсдаа ганц Гэмтэл Согог Судлалын төв эмнэлгийн газарт хууль бусаар халдсан хэрэг өчигдөр шөнө өрнөжээ.

"Соргог баян далай" ХХК-ийн "Шүүт" хотхоны барилгыг барихад саад болж буй цахилгаан болон сангийн шугам хоолойг шилжүүлэх нэрийдлээр шөнийн  цагаар төрийн байгууллага болох Гэмтэл согог судлалын үндэсний төвийн газарт хууль бусаар халдсан байна. Тус төвөөс албан ёсоор зөвшөөрөл авалгүй хийгдэж буй уг хууль бус үйл ажиллагааг ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах, Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг нар газар дээр нь ажиллаж, таслан зогсоосон гэх мэдээллийг олон нийттэй харилцах мэргэжилтэн нь өгөв.

Мөн тухайн барилгын өргөгч кран нь ГССҮТ-ийн нисдэг тэрэгний талбайд хүнд өвчтөн зөөвөрлөж ирдэг нисдэг тэрэг буухад ч хүндрэл учруулж байгаа гэдгийг онцолсон юм. Улсын хэмжээнд гэмтэл, согогийн чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлж буй ГССҮТ-ийн ойр орчимд энэ мэт орон сууцны барилгууд шахаж барьсны улмаас орц гарцны хэсэгт замын бөглөрөл үүсч, яаралтай тусламж үйлчилгээ авахаар ирж буй иргэд үйлчлүүлэгчдэд хугацаа алдах, ачаалал нэмэгдэх зэрэг төвөгтэй байдал үүсдэг гэдгийг үйлчилгээ авсан бүх л иргэд мэддэг. 

Хамгийн их хүн үйлчилгээ авдаг эмнэлэгтээ орц, гарцыг нээж өгөх байтал дээрх шиг үйлдэл удаа дараа гарвал харамсалтай. Энэхүү үйлдлийг цаашид гаргахгүй байхыг холбогдох албаныхан нь анхааралдаа авна биз ээ.