Монголын улс төрийн маш идэвхтэй хүмүүсийн нэг бол Х.Баттулга юм. Тэр уг нь АН-ын гишүүн, тэндээс нэр дэвшиж Ерөнхийлөгч болсон удаатай.

Тэрбээр АН-ыг сая “дахин байгуулагдахад” нэлээд идэвхтэй явсан. Өнгөрсөн хавар АН-ын ҮБХ хуралдахад Лу.Гантөмөрт “галын дэмжлэг” үзүүлсэн гэдэг. Тийм ч учраас саяхныг хүртэл АН-ын даргын нэг талд хүчтэй нөлөөлөгч болж явсан. Гэвч эцэст нь тэр ялагдчих шиг болов. Ялагдчихав уу, орхигдчихов уу гэдэг бас сонин. Ямартай ч Лу.Гантөмөр тав дахь Ерөнхийлөгч түүнийг бус, “дөрөв дэх”-ийг сонгочих шиг болно лээ. Энэ нь наймдугаар сарын сүүлчээр болсон АН-ын удирдлагуудыг сонгох хурлаас харагдав. АН-ын тэргүүн дэд даргад зүтгүүлсэн МоАХ харьяатай УИХ-ын гишүүнийг дэмжээгүй. Дэд даргаар ч Х.Баттулгаас хэзээ ч урваж мэдэх нөхдийг нь авч томилсон. Саяхан болсон АЭХ-ны ерөнхийлөгчид хүч үзсэн гишүүн эмэгтэйг нь ч дэмжсэнгүй. Энэ бүхэнд тэр гомдсон бололтой. АН-аас гарч, нам байгуулахаар болсон гэх мэдээлэл тарж байна. Ер нь бол Х.Баттулгын хувьд дараагийн нам гэдэг асуудал биш л дээ.  "Халаас"-таа хамгийн олон нам, холбоотой улстөрч гэвэл түүнийг гарцаагүй нэрлэнэ. Саяхан л гэхэд “Хөх Монголын хөх туг” гээд бараг л АН-аас хүчтэй бүрэлдэхүүнтэй хөдөөгүүр явсан. Гэхдээ яагаад ч юм, аяллаа зогсоочихсон. Тэр утгаараа Х.Баттулгын халааснаас ямар ч нам гарч ирж мэднэ.

Учир нь түүний улс төрийн үзэл баримтлал, чиг баримжаа нь тодорхойгүй. Баруунтан уу, зүүнтэн үү гэдэг нь ойлгомжгүй. Судлаачид, ажиглагчид тэгж үздэг. Гэвч ганц Х.Баттулга ч биш өнөө цагийн бүхий л улстөрчид, улс төрийн намууд ийм болчихоод байгаа юм л даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин