Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга, Засгийн газрын гишүүн Б.Тулга эдийн засгийн сэтгүүлчидтэй уулзаж Боомтын сэргэлтийн бодлогын талаар танилцууллаа. 

Энэ үеэр Замын-Үүд боомтыг 24 цагаар ажиллуулах талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Засгийн газрын боомтын сэргэлтийн хүрээнд БНХАУ-тай харилцдаг Замын-Үүд боомтыг 24 цагаар ажиллуулах шийдвэрийг албаны түвшинд тохирсон. Одоогоор тус ажлыг хэрэгжүүлэхээр бэлтгэлийг хангаж, туршилтыг эхлүүлэхээр болсон. 

БНХАУ нийт 315 хилийн боомттой. Тус улсын авто болон төмөр замын 180 орчим боомтоос 24 цагаар ажилладаг боомт байхгүй. Манай улс БНХАУ-тай хиллэдэг 17 боомтоос 13-аар нь ачаа тээвэр тасралтгүй явагддаг. 

ОХУ, Монгол, БНХАУ гэсэн гурван улсыг холбосон төмөр замын ачаалал маш өндөр, нэвтрүүлэх чадвар муу. Үүнээс болж манай улс Тяньжинаас татах чингэлэг, ачаа, тээврийн үнэ өндөр, тасалддаг, ачаалал дэд цэгтээ хүрдэг. 

Ачаа тээврийн терминалыг 24 цаг болгосноор Замын-Үүдэд түгжрээд буй ачааны урсгал байхгүй болно. Ингэснээр урд хөршөөс ирдэг ачаа тээвэр 24 цагийн дотор нэвтрэх юм.

Ирэх долоо хоногт БНХАУ-д болох Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр туршилтын ажлыг энэ ондоо багтааж хэрэгжүүлэх яриа хэлэлцээрийг хийнэ. Гэхдээ БНХАУ-ын талын шийдвэр, судалгаа нь удаж гардаг.

Манай улс олон жилийн турш Замын-Үүд боомтыг 24 цагаар ажиллуулах саналыг тавьж байсан. Харин энэ жил маш сайн гэрээ хэлэлцээр хийсэн учраас БНХАУ-ын дээд удирдлагаар зөвшөөрүүлж чадсан" гэсэн юм.