Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг Хотын дарга өнөөдөр дэлгэрэнгүй танилцуулж байна.

Хуулийн төсөлд Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэл замыг төлбөртэй бүс болгохоор тусгажээ. Төлбөртэй бүсээс 800 метрийн орчимд төлбөргүй зогсоолд автомашинаа тавьж, хотын төв рүү алхах, дугуй скүүтерээр явах боломжийг хангах бэлтгэл ажлыг хийж байгаа аж.

Тэгвэл уг бүсэд байгаа иргэд яах вэ гэдэг асуулт гарч байгаа юм. Энэ талаар  Хотын дарга Х.Нямбаатар "Хууль батлагдсанаар замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн тарифыг шууд тогтоохгүй. Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулсны дараа тарифыг НИТХ тогтоохоор тусгасан. Төлбөртэй бүсийн тарифыг тогтоох бол 0-27,000 төгрөг байна. 2,000, 5,000, 10,000 төгрөг ч байж болно. Дэлхийн жишгээс харахад төлбөртэй бүс тогтоосноор түгжрэлийг 30 хүртэл хувиар бууруулсан туршлагууд бий. 

Замын хөдөлгөөний төлбөртэй бүс дотор амьдарч байгаа иргэдийг тогтоосон тарифаас 90% хөнгөлнө. Жишээлбэл 1,000 төгрөгөөр төлбөртэй нэвтрэх шийдвэр гарлаа гэхэд 100 төгрөг төлнө гэсэн үг.

Бүсийг тойрсон автомашины зогсоолуудыг зөвхөн ажлын цагаар үнэгүй байлгана. Зогсоолын багтаамж хүрэлцэхгүй бол давхар зогсоол болгохоор төлөвлөж байна" гэлээ. Харин такси үйлчилгээг 50% хөнгөлөхөөр хуулийн төсөлд тусгасан байна.