Амтай болгон “Авлига хороолол” гэгчийг мэддэг болсон гэхэд болно. Угтаа бол уг барилгын нэр нь "Aqua garden". Тус барилгад хоёр хоногийн өмнө барилгын хөөсөнцөр шатаж, гал гарсан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн.

Тэгвэл уг барилгын компанийн зүгээс галын улмаас ямар нэгэн хохирол учраагүй гэв. Ингээд цаашид ч барилгын ажил хэвийн үргэлжилнэ гэдгийг мэдэгдлээ. Мөн барилгад ашиглаж байгаа барилгын материал нь галд тэсвэртэй болохыг батлан харуулъя гээд шатааж буй бичлэгийг цахим хуудастаа нийтэлсэн юм. Уг бичлэгтээ, "захиалагч нартаа зориулан бичлэг хийж байна. Гал гарсан гээд байгаа зүйл нь гадна байсан хураалттай байсан шатны хонгилын дулаалгын хөөсөнцөр шатсан. 

 

 Барилгад хэрэглэж байгаа чулуун хөвөн нь 100 хувьд галд тэсвэртэй учир аюулгүй. Гадна пасадад гал гарах боломжгүй. 5 болон 10 см-тай чулуун хөвөнгөө хоёр давхарлаж дулаалгаа хийж байгаа. Одоо та бүхэндээ тал бүрээс нь шатааж харуулъя. Гараа тавихад бүлээн байна. Гал тэсвэртэй зүйл шүү захиалагч нар маань санаа зовох зүйлгүй ээ. Тиймээс энэ бичлэгийг хийж байна. Манай дээр гарсан гал бол өөр зүйл байсан байна шүү, хүмүүс ээ" гэв.

Энэхүү бичлэг нь олон нийтийн дургүйцлийг хүргээд байна. Тухайлбал, Усны тухай хууль болон бусад хуулийг зөрчиж баригдаж байж барилгыг нураах шийдвэрийг хотын удирдлагын зүгээс гаргасан. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл барилгаа барьсаар байгаа юм. Нураах шийдвэр гаргасан обьектуудыг нураах үйл ажиллагаа эхлүүлсэн байж яагаад энэ барилгыг нураахгүй, үйл ажиллагааг нь зогсоохгүй байгаа юм хэмээн бухимдах иргэд ч гарч ирэв.