Ирэх төсөвт тэтгэврийг нэмэгдүүлнэ гэж тусгасан байгаа юм. 2024 оны төсвийг өргөн барихдаа Засгийн газар нийгмийн даатгалын сан буюу тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг 10 хувь нэмэгдүүлэх төсөл орж ирсэн. Бага тэтгэвэр авагчдын хувьд 10 хувь гэдэг 55 мянган төгрөг. Тиймээс нэмэгдүүлэх хэрэгтэй гэж үзсэн. МАН-ын бүлэг хэлэлцээд ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэх шаардлагатай гэж үзсэнээ мэдэгдсэн билээ.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Засгийн газрын улсын төсөвт оруулж ирсэн саналаар 2023 оны дөрөвдүгээр сарын 1-ээс тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэх тухай тусгасан. Бүлгийн хурлаар хэлэлцээд нийт тэтгэвэр авагчдын 60 гаруй хувь нь бага тэтгэвэр авч байгаа учраас тэтгэврийн зөрүүг хувиар бус тоогоор нэмэх нь зүйтэй гэж үзээд нийтэд 100 мянган төгрөгөөр дөрөвдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: МАН-ын бүлэг хуралдаад тэтгэврийн зөрүүг аль болох ойртуулах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа ч ахмадын амьжиргааны түвшинд инфляци асар хүчтэй нөлөөлж байгаа учраас нийтээр нь 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх нь зөв гэсэн саналыг гишүүдийн олонх нь дэмжсэн. Одоо өргөн барьчихсан байгаа 2024 оны төсөв дээр экспортын гол нэрийн бараа бүтээгдэхүүний биет хэмжээг нэмэгдүүлэх төсөөлөлтэй байгаагаа танилцуулсан. Тухайлбал, нүүрсийг энэ оныхоос даруй сая тонноор нэмэгдүүлж 60 саяд хүргэх өөдрөг тооцоолол танилцуулсан. Мөн Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэлж, зэсийн баяжмалын агуулга өссөн учраас худалдаа, тээвэр, логистикийн салбарын өсөлт явагдаж байна. Цаашлаад экспортын орлого сайжирч, төлбөрийн тэнцэл сайжирч байгаа нь Монгол Улсын эдийн засагт эерэгээр нөлөөлөх тооцоолол Засгийн газраас танилцуулсан. Үүний дагуу ахмадуудын тэтгэврийг 100 мянгаар нэмэгдүүлэх боломжтой гэж үзсэн болов уу.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Нийгмийн даатгалын багц хуулиар долоон жилийн цалингийн дунджаар тэтгэвэр тогтоосон байсныг таван жил болгосон. Энэ хуулийн дагуу 2018-2023 оны хооронд зургаа, долоон жилийн цалингийн дунджаар тэтгэврээ бодуулсан хүмүүс ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс тэтгэврээ дахин таван жилээр бодуулж зөв болгох ёстой. 

Нийт 58,000 ахмадын 93 тэрбум төгрөг буюу нэг хүнд ойролцоогоор 1.6 сая төгрөгийн нөхөн олговрыг олгох тооцоолол гарсан.  Сая Нийгмийн даатгалын багц хууль батлахдаа нөхөн олговор олгохооргүй заасан. Тийм учраас 2024 оны Нийгмийн Даатгалын Сангийн төсвийн тухай хууль дээр энэ 93 тэрбум төгрөгийг суурилуулан ахмадуудыг гомдолгүй болгох зайлшгүй шаардлага байна. 

Хөшөө дурсгалд мөнгө зарцуулахын оронд ахмадууддаа нөхөж олгох 93 тэрбум төгрөгийг 2024 оны төсөв дээр заавал тавьж өг гэж шаардаж байна.  Хэрэв төсөв дээр тавихгүй бол орон даяар 58,000 иргэний гарын үсгийг цуглуулж, шаардлага хүргүүлнэ. Болохгүй бол 2024 оны сонгуулиар Ардчилсан Нам(АН) ялахаараа ахмадуудаа гомдолгүй болгоно.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Нэмэх мөнгө нь байвал нэмдэг л юм байгаа биз. Нэмэх эрх нь эрх баригч МАН-ын бүлэг, Засгийн газарт байгаа шүү дээ. Ахмадын тэтгэврийг нэмэх төсөв мөнгөний боломж, бололцоо байгаа учраас нэмэх талаар оруулж ирж байгаа байх. Мөнгө нь байвал нэмэх ёстой.

Сангийн сайд Б.Жавхлан: Энэ жилийн хувьд бид цалин хөлсийг 7 дугаар сарын 1-нээс тооцоод хагас жилээр нэмж байгаа. Макро эдийн засгийн хувьд томоохон хэмжээний өөрчлөлт хэзээ гарч ирдэг вэ гэхээр нэг улирлаас 2 улирлын дараагаас нөлөөлж эхэлдэг. Тухайлбал, ажилгүйдлийн түвшин улирлаас шалтгаалж хагас жилийн дараагаар буурдаг. Үүнтэй адил инфляцын, үнийн өсөлтийн нөлөө цалин хөлсийг нэмэхэд мөн нэг улирлаас 2 улирлын байдлаар гарч ирдэг. Тиймээс цалин нэмэх асуудлыг жил бүр инфляцтай уялдуулан нэмэх хуулийн заалттай байдаг. Хэрэв цалинг нэгдүгээр сарын 1-нээс нэмбэл өмнөх жилийнхээ цалингийн өсөлттэй хамт дараа жилдээ орох учир үнийн өсөлт дээр таатай бус байдал үүсгэнэ. Тиймээс бид ирэх оны эхний улирлын байдлыг харгалзан 4 дүгээр сарын 1-нээс нэмэхээр тооцсон. Ер нь бол ирэх онд төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх, Нийгмийн халамжийн сангаас олгох байдлыг инфляцын дүнтэй уялдуулан 10 хувиар нэмэгдүүлэхээр төсөвт орж ирсэн. 

-Өндөр настны тэтгэврийг нэмэхэд  308.6 тэрбум төгрөгийг төсөвт тусгажээ-

Төрийн албаны цалингийн тогтолцоонд шинэчлэл хийх, тэтгэврийн зөрүүг арилгах, нийгмийн даатгалын болон халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх зэргээр иргэдийн орлогын баталгааг сайжруулах арга хэмжээг 2023 оны төсвийн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлсэн. Тухайлбал, Адил үнэлэмж бүхий ажил хөдөлмөр эрхэлж байгаа албан хаагчийн цалин хөлс ижил байх зарчим баримталж хэт олон сүлжээ, шатлал бүхий харилцан адилгүй, тэгш бус үнэлэмжтэй төрийн албаны цалингийн сүлжээг шинэчлэн 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдүүлж эхэлсэн.Тиймээс Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “тэтгэврийн зөрүүг ойртуулах” зорилтын хүрээнд тэтгэвэр тогтооход баримталсан цалин хөлсийг 2022 оны дундаж цалингаар суурь болгон индексжүүлсэн. Үүний зэрэгцээ тэтгэврийн зөрүүг арилгасны дараах сууриас тооцож тэтгэврийн хэмжээг үнийн өсөлттэй уялдуулж 10 хувиар нэмсэн ба энэхүү арга хэмжээнд нийт 516.8 мянган ахмад настан хамрагдаж  байгаа бөгөөд улсын төсвөөс 308.6 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.