АН-ын “их эвлэрэл” жилийн өмнөөс эхэлсэн ч өнөөг хүртэл дуусдаггүй. Гацаанд орчихоод байна. Ээлжит сонгууль хаяанд ирчихээд байдаг. Генсек нь сураггүй. Бүтцийн өөр бусад албан тушаал ч хоосон хэвээр байна.

Энэ нь АН гэдэг том “малгай”-наас гарч чадахгүй, явж зүрхлэхгүй хэдхэн хүнтэй холбоотой аж. Намын дарга, нэмээд гурван том фракц л генсекээ, Нийслэлийн АН-ын даргаа булаалдаад хэдэн сар болчихлоо.

 

Хамгийн харамсалтай нь энэ зуурт АН-ын рейтинг дээшилдэггүй. Улам доошиллоо. Тэр байтугай, 7-8 аймагт ХҮН-ын дараа орчихсон явж байна. Өөрсдийнх нь хийсэн судалгаа ч үүнийг “хэлээд” эхэлжээ. Үүнийг намынхан нь бүгдээрээ мэдэж байна.

 

Чухамдаа АН-ын энэ байдал гишүүдийнх нь тэвчээрийг барж эхлэв бололтой. Нэр бүхий зарим залуус нь 2024 оны УИХ-ын сонгуульд ХҮН-аас дэвшихээр яриа тохироо хийгээд эхэлжээ. Өөрөөр хэлбэл, АН-аас ХҮН руу чиглэсэн “элсний нүүдэл” эхэлчих шиг боллоо.

 

Тэдний хувьд дээр хэлсэнчлэн “...Намын рейтинг өсөхгүй байна. Энэ нь манай нам бүлэглэлээс салж чадаагүй. Сөрөг хүчин байж чадахгүй байна. Намаа аваад явчих шинэ дүр гарч ирсэнгүй” гэцгээж байгаа аж. Нэг хэсэг нь ингээд аргаа олцгоож байна.

 

Харин АН-даа “үлдэх” гишүүдийн нэлээд нь намынхаа одоогийн удирдлагуудтай “...Тооцоо бодно” гээд эхэлжээ. Тэд мөн л “...АН-ыг бүлэглэл бүрэн эзэлчихлээ. Эднээс салахгүй бол 2024 оны сонгуульд дахиад ялагдана” гэсэн итгэл үнэмшилтэй болцгоожээ. Ийм байр суурьтай АН-ын гишүүд энд тэнд ойр ойр уулзалдах болсон байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр ч ийм уулзалтууд болсон байна. Тухайлбал, бямба гаригийн орой АН-ынхан уулзаж “...АН бүлэглэлийн үүр боллоо. Лу.Гантөмөр бүлэглэлийн гараас гарахаа болилоо. Генсекээ ч томилж чадахгүй байна. Тэдэнд намын ажлаа, өөрийнхөө эрх мэдлийг даатгаад алга болчих юм. Огцруулахаас өөр аргагүй. Арванхоёрдугаар сарын 6-наас өмнө зарим үйл ажиллагаа зохион байгуулъя” гэж тохирцгоожээ. Энэ хүрээндээ ҮБХ-ны гишүүдийн гарын үсэг цуглуулах, АН-ын “Онц их хурлын төлөө” хөдөлгөөн байгуулах зэргийг ярилцсан байна. Тэдний энэ ажиллагаа тун ойрын үед эхлэх бололтой.

 

 

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин