Төсөв өргөн барихтай зэрэгцээд босож ирсэн автобусны дуулиан сүүлийн үед мартагдах тал руугаа орлоо. Ингэж боломгүй юм. Уг нь Хотын шинэ дарга Х.Нямбаатар “ногоон автобус”-наас гадна, 2009 оноос хойш шууд гэрээгээр авсан бүх автобусны худалдан авалтыг шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан. Олон л ноцтой асуудал илэрч байгаа бололтой. Зөвхөн “ногоон автобус” дээр л гэхэд АТГ, ЭЦА-ны ажлын хэсэг 25 хүнийг яллагдагчаар татсан. Тэдний дөрөв нь гадаадын иргэн юм байна. Хамгийн гол нь үүнд 318 тэрбум төгрөг зарцуулагдсан. Ингэхдээ капитал гэгддэг засвар бүхий автобусыг хууль зөрчиж шууд гэрээгээр авсан байдаг.

Тодруулбал, 2023 оны төсөвт “...Нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэх”-д зориулж 318 тэрбум төгрөг суулгасан. Захиран зарцуулах эрх нь Түгжрэлийн сайдад байсан. Энэ эрх өнгөрсөн онд Нийслэл рүү шилжсэн. Ингээд НХАГ дээр “ногоон автобус”-ыг худалдаж авах ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийн шийдвэрээр Тендерийн хуулийн 3.4-ийг барьж шууд гэрээгээр худалдан авалтыг зохион байгуулсан гэдэг. Яригдаж буй түүх нь энэ. Тэгвэл энэхүү шууд гэрээний “шийдэл” тендерийн эрх нийслэл рүү шилжихээс өмнө гарчээ. Өөрөөр хэлбэл, “ногоон автобус”-ны тендерийг нийслэл рүү шилжүүлэхээс өмнө “Тэнүүн-Огоо” автобусны худалдан авалтыг шууд гэрээгээр хийх тохироог хийчихжээ.

Одоо хоригдож байгаа, уг шууд гэрээг зохион байгуулсан албан тушаалтнууд, тус компанийн удирдлагуудтай өмнө нь уулзсан байгаа юм. Гэхдээ тэд хэн нэг том даргын "чиглэл"-гүйгээр ийм том, тэгээд хууль зөрчсөн худалдан авалтыг хийхгүй нь тодорхой л доо.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 16. ПҮРЭВ ГАРАГ. № 229 (7214)