ЗХЖШ-ын Хуурай замын цэргийн командлалын харьяа 326 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч нас барсан харамсалтай явдал болсон.

Тэгвэл энэхүү үйл явдалтай холбогдуулан ЗХЖШ-ын удирдлагууд зарим албан тушаалтнуудад хариуцлага тооцохоор шийдвэрлэжээ.

Хариуцсан цэргийн ангид нь хугацаат цэргийн алба хаагч амь насаа алдсан, өөрийн эрхэлсэн ажилдаа, хариуцлагагүй хандсан, цэргийн алба хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан тул Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагч хурандаа Г.Отгонбаярыг ЗХЖШ-ын даргын шийдвэрээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.  

Мөн эрхэлсэн ажил, албандаа хариуцлагагүй хандаж, харьяа цэргийн ангиудад нь сахилгын зөрчил гарч байгаа үндэслэлээр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргалыг албан тушаалаас нь чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид хүргүүлжээ.

Түүнчлэн үүссэн нөхцөл байдалтай уялдуулан Зэвсэгт хүчний 120 дугаар анги дээр Зэвсэгт хүчний Жанжин штабын ажлын хэсэг албаны шалгалтыг явуулж байгаа бөгөөд шалгалтын дүн гармагц тухайн ангийн албан тушаалтнуудад зохих арга хэмжээ авч ажиллахаар болсон гэв.