ХӨСҮТ-өөс БНХАУ-д хүүхдүүдийн дунд нэмэгдсэн уушгины хатгалгаа болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн эмч Б.Бурмаа "Томуугийн халдвар эрчимтэй тархаж байна. Сүүлийн долоо хоног энэхүү өвчлөлийн тоо эрс нэмэгдсэн. Улсын хэмжээнд томуу томуу төст өвчнөөр 200 мянган хүн өвдсөн байна. Улсын хэмжээнд 10 мянган хүн тутмын 36 хүн томуу томуу төст өвчтэй гэсэн судалгаа гарсан. Монголд улсын хэмжээнд нийт яаралтай дуудлагын хувьд томуу томуу төст өвчний дуудлага нийслэлд 40 хувь, хөдөө орон нутагт 16 хувийг эзлэж байна. 15 хүртэлх насны хүүхдүүд 84 хувь, 4 хүртэлх насны хүүхдүүд 60 орчим хувийг эзлэж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн дунджаар бага насны хүүхдүүд зонхилж байна.

Аймаг орон нутаг улсын хэмжээнд томуу идэвхижлийн түвшинд явж байна. Өнгөрсөн долоо хоногт хийсэн шинжилгээгээр зонхилох вирус нь хамрын ханиад болон интро, вирус, адиуны вирус эзлэж байна. Мөн интро вирус, адиуны вирус бага насны хүүхдүүдэд хүндэрдэг вирусууд эзлэж байна.

5 хүртэлх насныхан болон, 65-аас дээш насны 300 мянга гаруй хүнд урьдчилсан вакцинжуулалт хийсэн. Нийслэлийн хэмжээнд вакцинжуулалт 83 хувьтай, хөдөө орон нутгийн хувьд 90 орчим хувьтай явж байна. Мөн томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх арга амны хаалтаа зүүх, сайн унтаж амрах, улирлын байдалд тохируулан хувцаслах, гарын ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй.

ХӨСҮТ-д 449 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байна. Үүний 102 нь томуу, ковид 19, салхин цэцэг 72 тохиолдол байна. Эрчимт эмчилгээнд 3, хүлээн авахаар ХӨСҮТ-д хоногтоо 140 орчим хүн үйлчлүүлдэг үүний 20 нь томуу томуу төст өвчний шинжтэй. Томуу томуу төст өвчний шинж тэмдэг нь ханиах, өндөр халуурах, амьсгаадах хоолой өвдөх, хоолой бачуурах болон хордлогын шинж тэмдэг илэрнэ.

Амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх өвөрмөц болон, өвөрмөц бус аргууд байдаг. Өвөрмөц арга хэмжээ нь вакцинд хамрагдах, өвөрмөц бус арга нь хоолой амаа зайлах, маск зүүх, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх, сайтар унтаж амрах" гэлээ.

Мөн ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа "БНХАУ-ын эрүүл мэндийн төв байгууллага арваннэгдүгээр сарын 13-нд Бээжин, Манжуур зэрэг манай улсын хойд хэсгийн бүс нутгуудад уушгины хатгаа хүүхдүүдийн дунд нэмэгдэж байна гэсэн мэдээллийг дэлхий нийтэд өгсөн. Арваннэгдүгээр сарын 21-нд БНХАУ-аас дэлхий нийт нэмэлт тодруулга хүссэн. 23-нд ДЭМБ-д өгсөн нэмэлт тодруулгадаа БНХАУ-д микоплазм (mycoplasma)-ын шалтгаант хатгаа хүүхдүүдийн дунд нэмэгдсэн гэсэн. Түүнчлэн улирлын чанартай үүсдэг амьсгалын замын вирусийн халдвар, КОВИД-19-ийн халдвар зэрэг уушгины хатгаа үүсгэдэг бусад халдвар зэрэгцэн нэмэгдэж байна гэсэн мэдээллийг өгсөн байна.

Шалтгааны хувьд БНХАУ КОВИД-19-ийн хоригийг энэ хавар цуцалсантай холбоотойгоор амьсгалын замын бусад халдварууд нэмэгдсэн гэх тайлбарыг өгч байна. 

Микоплазм шалтгаантай хатгаа нь нийт хүн амын дунд бүртгэгдэж байдаг өвчлөл. Тэгэхээр одоогийн байдлаар уушгины шинэ хатгаа үүсгэдэг амьсгалын замын халдварт өвчин бүртгэгдээгүй гэдэг мэдээлэл өгч байна. Зарим улс оронд жилийн дөрвөн улирал бүртгэгддэг.

Микоплазмын шалтгаантай хатгааны хувьд амьсгалын замын шинж тэмдгүүд илэрдэг, харьцангуй хатгаа болж өвддөг. Насанд хүрэгчдэд хөнгөн хэлбэрээр явагддаг хэдий ч 5 хүртэлх насны хүүхдүүд хүндрэх эрсдэлтэй өвчлөл юм. 

Үүнтэй холбоотойгоор ХӨСҮТ-д хоёр удаагийн эрсдэлийн үнэлгээ хийсэн.

  1. Энэ сарын 24-ний түргэвчилсэн эрсдэлийн үнэлгээгээр "дунд" эрсдэлтэй гэх дүгнэлт гарсан.
  2. Дунд эрсдэлтэй үед явцын эрсдэлийн үнэлгээг хийх шаардлагатай тул 27-ны өдөр хийсэн. БНХАУ-д мэдээлэгдсэн зүйл нь Монгол Улсын нийгэм, эрүүл мэндийн байдалд хэр эрсдэлтэй вэ гэдэг асуултад хариулах үнэлгээг хийхэд өчигдөр "дунд" гэсэн дүгнэлт гарсан. 

Дунд эрсдэлтэй үед авах хариу арга хэмжээний хувьд:

  • Тандалтын үйл ажиллагаагаа идэвхжүүлж байна
  • Нөхцөл байдалд тогтмол хяналт тавина. 
  • БНХАУ-аас өгсөн мэдээллийг цаг тухайд нь өгнө" хэмээн ярилаа.

Түүнчлэн БНХАУ- руу иргэд зорчих үедээ амьсгалын замын ямар нэгэн өвчлөлтэй, уушгины хатгалгаатай бол зорчихгүй байхыг анхааруулъя. Зорчоод ирсэн үед ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандахыг зөвлөе. Одоогийн байдлаар урд хөрш рүү зорчихыг хориглох зөвлөмж гаргаагүй байна гэдгийг онцоллоо.