Энэ сарын 28-наас “Гамлет”-ыг гэртээ үзэх боломжтой болжээ. Дэлхийн сонгодог урлагийн ноён оргил болсон “Гамлет”-ыг УДЭТ-ын тайзнаа 1979 онд, Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Галсанжав найруулан тавьж, Гамлетын дүрд Ардын жүжигчин Г.Жамсранжав тоглож байв.

Тэгвэл уг алдарт жүжгийг Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар 2012 онд дахин “төрүүлж”, гол дүрүүдэд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Ардын жүжигчин Б.Жаргалсайхан, Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ тэргүүтэй уран бүтээлчид тоглосон юм. Тэгвэл “Цахим театр” төслийн хүрээнд эл жүжгийг өнөөдрөөс IPTV-үүдийн видео сангуудад арваннэгдүгээр сарын 28-нд байршуулжээ.

1600-гаад оны сүүлчээр бичигдсэн, таван бүлэг, 20 үзэгдэлт “Гамлет” жүжгийн үйл явдал Эльсинор шилтгээнд өрнөнө. Данийн ван өөрийн төрсөн дүүдээ хорлогдон хаан ширээ, хань ижил, газар нутгаа алдахад хүрч буйг эл жүжигт үзүүлдэг. Хаан ширээ, эрх мэдэл, эд хөрөнгийн төлөөх увайгүй тэмцэл нь үеийн үед хүн төрөлхтнийг эмгэнэлт байдалд оруулсаар ирсэн. “Гамлет” жүжиг ч бас үүний нэгэн адил. Түнэр харанхуй цайзын хонгилд бодол болон гуниглах Гамлет “Орших уу, эс орших уу” хэмээн өгүүлнэ.

Бат бэх чулуун хэрэмт энэ цайз нэгэн цагт түүний төрсөн гэр байсан бол харин одоо шорон гяндан мэт санагдах болжээ. Шударга ёс, хүнлэг чанар, үнэнч сэтгэл гэдэг энэ цайзад нэгэнт үгүй болсон байв. Орчлон хорвоогийн бузар булайтай эвлэрээд үхсэн мэт амьд явах уу, эсвэл энэ бүхний эсрэг халуун амь, бүлээн цусаа зориулаад мөнхийн амьтай үхэх үү гэдэг л Гамлетын өмнө тулгарчээ.